Амазоны ширэнгэ ойд оршин суудаг гадаад ертөнцөөс тусгаарлагдсан овгийн нэг төлөөлөгч хүмүүстэй уулзсаныхаа дараа 24 цагийн дотор өөрийн хүслээр буцсаныг Бразилын эрх баригчид мэдээлжээ.
Энэхүү үйл явдал Лхагва гарагийн оройн 7:00 цагийн орчимд Амазоны ширэнгийн баруун өмнөд хэсэгт оршдог Пурус голын эргийн Бела Роза тосгонд тохиолдсон байна.
Бөгсөн биеэ халхалсан эрүүл саруул биетэй залуу хүү хоёр ширхэг модны тайрдас тэврээд тосгоны хүмүүс дээр ирснийг гар утасны бичлэг харуулжээ.
Түүнийг гал асууж ирсэн байх гэж орон нутгийн иргэд таасан байна.
Тосгоны оршин суугчдын нэг нь түүнд асаагуур хэрэглэхийг заах гэж оролдсон ч амжилтгүй болжээ.
Удалгүй Бразилын уугуул иргэдийн хэрэг эрхлэх албаны (Funai) хүмүүс ирж, ширэнгээс гарч ирсэн залууг ойролцоох байрандаа хүргэсэн байна.
Хүмүүсээс ямар нэг халдварт өвчин авсан эсэхийг нь шинжилж дууссаны дараа залуу маргааш үдээс хойш нь өөрийн хүслээр ширэнгэ рүүгээ буцсаныг Funai агентлаг мэдээлжээ.
Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан овгийнхонд орчин үеийн хүмүүсийн өвчнөөс хамгаалах дархлаа байдаггүй.
Funai агентлаг бас тухайн бүс нутагт орон нутгийн хүмүүсийг тусгаарлагдсан овгийнхонтой харьцахаас сэргийлэх арга хэмжээг авч, хяналтыг нэмэгдүүлснээ мэдээлжээ.
Бразил улсын засгийн газар ширэнгийн хүмүүстэй харилцахаас аль болох зайлсхийж, тэдний амьдардаг орчныг тусгаарлах, хамгаалах арга хэмжээ авдаг юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!