Уншиж байна ...

Америк, Канадын хоккейчдын тоглолт ширүүн тэмцэлтэй өрнөж, есөн секундийн дотор гурван удаа зодолджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ, Канадын хоккейчдын тоглолт маш ширүүн уур амьсгал дунд өрнөж, эхний есөн секундийн дотор тоглогчид гурван удаа зодолджээ.

Монреаль хотын Bell Centre төвд болсон энэ тоглолтод АНУ-ын шигшээ баг 3:1 харьцаагаар илүүрхсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хойд хөрш Канадыг өөрийн 51 дэх муж болгохоор сүрдүүлж, худалдааны дайн зарласан хүнд цаг үед энэхүү тоглолт зохион байгуулагджээ.

Энэ зөрчлийн улмаас NHL болон NBA лигийн Канадад болсон тоглолтуудын үеэр АНУ-ын төрийн дууллыг үзэгчид эсэргүүцэж “бүүлэх” үзэгдэл түгээмэл болоод байгаа.

Саяын тоглолтыг эхлэхэд ч энэ үзэгдэл давтагдсан байна.

Бямба гарагийн тоглолтыг Канадын ерөнхий сайд Жастин Трюдо биечлэн үзжээ.

Тоглолт эхлээд хоёрхон секунд өнгөрөөд байхад Канадын тоглогч Брэндон Хэйгэл, АНУ-ын тоглогч Мэттью Ткачук нар нударга зөрүүлсний улмаас торгуулсан байна.

Үүнээс хойш нэг секундийн дараа Мэттьюгийн дүү Брэди, Канадын Сэм Беннет нар бээлийгээ тайлж хаяад өрж эхэлсэн юм.

Тоглолт үргэлжилснээс хойш зургаан секундийн дараа АНУ-ын Жэй Ти Миллер, Канадын Колтон Парайко нар тулааныг үргэлжлүүлсэн байна.

Хоёр багийн дасгалжуулагч нар дээрх зодоонуудыг улс төржүүлэхийг хүссэнгүй.

АНУ-ын дасгалжуулагч Майк Салливан “Тоглолт ямар утга учиртай болохыг энэ үйл явдал харуулж байна гэж би бодож байна. Тоглогчид маш ширүүн өрсөлдөж, тэд тус тусын баг болон улс орноороо ямар их бахархдагийг харж болохоор байна. Ямар гайхалтай тоглолт вэ?” хэмээн ярьжээ.

Стэнлийн цомын хоёр удаагийн аварга Канадын дасгалжуулагч Жон Купер “Энэ бол төлөвлөгдөөгүй зүйл. Хоёр дасгалжуулагч залуусыг ингэ гэж ятгаагүй. Органик үзэгдэл байсан” гэж хэлсэн байна.

Тэр бас хоёр улсын шигшээ баг сүүлийн 10 жилийн хугацаанд хоорондоо тулгараагүй байсантай үүнийг холбон тайлбарлажээ.

NHL лигийн шилдэг тоглогчдыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд илгээдэггүй, 2018, 2022 оны өвлийн олимпын наадмуудад тоглогчдоо оролцуулаагүй зэргээс ийм зүйл болсон гэнэ.

“Миний бодлоор олон улсын хоккей 10 жил түгжсэн амьсгалаа эхний нэг минут хагасын хугацаанд гаргасан нь энэ байх” гэж Купер дараалсан зодооныг тайлбарлажээ.

Дээрх тоглолт нь 4 Nations Face-Off тэмцээний нэг хэсэг байсан юм. Канадын багийг хожсоноор АНУ-ын баг шигшээ шатанд шалгарчээ.

Өнөөдөр АНУ-ын баг Швед, Канадын баг Финландын багтай тоглох юм.

 

Эх сурвалж: BBC