Францын тансаг эдлэлийн Hermès групп Баасан гарагт 2024 оны санхүүгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм.
Тус компанийн орлого өнгөрсөн оны сүүлийн улиралд жилийн өмнөх мөн үеэс 18 хувиар өсөж, дөрвөн тэрбум евро хүрчээ.
2024 онд нийтдээ 15.2 тэрбум еврогийн орлоготой ажилласан нь төсөөлж байснаас сайн үр дүн болсон байна.
Үүний ачаар тус компани бүх ажилтандаа 4,500 еврогийн урамшуулал олгох шийдвэр гаргажээ.
Hermès групп дэлхий даяар 25,000 гаруй ажилтантай юм.
“Хариуцлагатай ажил олгогчийн үүрэг амлалт, өсөлтийн үр шимийг өдөр бүр хувь нэмрээ оруулдаг бүх хүмүүстэйгээ хуваалцах хүсэл эрмэлзлийн дагуу бид 2024 оны үр дүнгээс бүх ажилтандаа 4,500 еврогийн урамшуулал олгохоор болж байна” гэж компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Hermès групп сүүлийн жилүүдэд санхүүгийн үр ашгаасаа ажилтнуудтайгаа хуваалцдаг жишгийг нэвтрүүлж, жилээс жилд урамшууллын хэмжээгээ өсгөж байгаа.
2020 оны санхүүгийн үр дүнгээс 1,250 евро тарааж байсан бол 2021 онд 3,000 евро болгон өсгөж байв.
Улмаар 2022, 2023 онуудад 4,000 евро болгон өсгөж байжээ.
“Эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байсан 2024 онд сайн үр дүн үзүүлсэн нь манай загварын хүч чадал, баг хамт олны авхаалжтай үйл ажиллагааг гэрчилж байна. Би ажилтнууддаа чин сэтгэлээсээ талархаж байна” гэж Hermès группийн гүйцэтгэх захирал Аксел Дюмас мэдэгджээ.
Өнгөрсөн онд бусад тансаг эдлэлийн компаниудын ашигт ажиллагаа нэлээд суларч байсан. Тухайлбал LVMH, Burberry, Kering зэрэг компаниудын хувьцааны ханш өнгөрсөн оны турш уналттай байсан юм.
Эдийн засгийн хямралын улмаас Хятадын хэрэглэгчид тансаг эдлэлд зарцуулах мөнгөө багасгасан, инфляц Америкчуудын хэрэглээг мөн бууруулсан, улс төрийн тогтворгүй байдал Европчуудыг зардлаа хэмнэхэд хүргэсэн зэрэг нь үүнд нөлөөлж байлаа.
“50 сая орчим тансаг хэрэглээтэй хүн сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ ангиллаас хасагдсан буюу хэрэглээгээ багасгасан” гэж Bain & Company зөвлөх үйлчилгээний компаниас өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан тайланд бичиж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!