Уншиж байна ...

Эквадорын хар тамхитай тэмцэх ажиллагааны командлагч алуурчны гарт амиа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Эквадор улсын хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг удирдаж байсан армийн өндөр албан тушаалтан Баасан гарагт алуурчны гарт амиа алджээ.

Агаарын цэргийн тусгай хүчний командлагч, хурандаа Порфирио Седено армийн арга хэмжээнд оролцохоор явах замдаа Гуайакил хотод олон удаа буудуулж алагдсаныг Эквадорын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлсэн байна.

Түүнийг тээвэрлэж явсан пикап загварын автомашины дэргэдээс 20 гаруй сумны хонгио олджээ. Энэ халдлагын үеэр тухайн автомашины жолооч хөлдөө шархадсан юм байна.

Седено алагдахдаа Гуайакил хотоос Манта хот хүрэхээр явж байжээ.

Дээрх хоёр хот нь хар тамхины гэмт хэргийн өрсөлдөгч бүлгүүдийн хоорондын тулааны талбар болоод байгаа юм.

Эквадорын батлан хамгаалахын сайд Жан Карло Лоффредо хурандаагийн аллагын хариуд гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг дайнаа өргөжүүлэхийг амлажээ.

Түүний яам аллагыг үйлдсэн болон захиалсан хүмүүсийн мэдээллийг өндөр үнээр худалдаж авах болзлыг зарласан байна.

Эквадор улс хэдхэн жилийн өмнө Өмнөд Америк тивийн хамгийн тайван амгалан улсуудын нэгд тооцогддог байлаа.

зураг
 

Гэвч дэлхийн хамгийн том кокаин үйлдвэрлэгч Колумб, Перу улсуудын дунд оршдог 18 сая хүн амтай энэ улсад одоо гэмт хэргийн 20 орчим бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг болжээ.

Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан картелууд Эквадорын боомтуудыг АНУ, Европын орнуудад хар тамхи гаргахдаа ашигладаг болсонтой энэ нь холбоотой.

2023 онд тус улсад 100,000 хүн тутамд оногдох аллагын тоо 47 хүрч байв.

2023 оны арваннэгдүгээр сард тангараг өргөсөн ерөнхийлөгч Даниэл Нобоа улс орондоо онц байдал зарлаж, зэвсэгт хүчнийг гэмт хэргийн эсрэг тэмцэлдээ дайчлах болсноор өнгөрсөн онд дээрх үзүүлэлт 38 болон буурчээ.

Өнгөрсөн Ням гарагт болсон эхний шатны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Луйза Гонзалесаас цөөн санал илүү авсан Нобоа дөрөвдүгээр сард хоёр дахь шатанд өрсөлдөнө.

Тэрбээр дахин сонгогдвол хар тамхины эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээ амлаж байгаа.

Седеногийн аллагыг Нобоагийн хэвлэлийн алба “Эквадор улс дайны байдалд байгаагийн илрэл” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP