Өнгөрсөн Ням гарагт Америк хөлбөмбөгийн дээд лиг болох NFL-ийн 59 дэх удаагийн Супер Боул тэмцээн Нью Орленс хотод болсон билээ. Энэ тоглолтод "Филадельфи Ийглз" баг сүүлийн хоёр жилийн аварга "Канзас Сити Чифс"-ийг ялсан юм.
Түрүүлсэн баг төрөлх хотдоо баярын парад хийдэг уламжлалтай. Тэгвэл Бүргэдүүд энэ долоо хоногт Филедельфи хотын гудамжаар баяраа тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн урилгаар Цагаан ордонд зочилдог уламжлалыг дагах эсэхээ багийнхан санал асуулгаар шийдэх болсныг тус багийн ахлагч Лэйн Жонсон мэдээлэв.
Тэрбээр "Цагаан ордонд зочлох нь нэр төрийн хэрэг. Гэхдээ энэ асуудлыг багаараа ярилцаж шийднэ" гэв.
Л.Жонсон болон өөр дөрвөн тоглогч 2018 оны Супер Боулд түрүүлж байсан юм. Гэхдээ тухайн үед багийн зарим тоглогч нь Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Цагаан ордонд зочлохыг дэмжээгүй.
Учир нь Д.Трамп тухайн үед арьс өнгөний үзэлтэй холбоотой өрнөж NFL-д өрнөж байсан үйл явдлыг хурцаар шүүмжилдэг байсантай холбоотой. Д.Трамп АНУ-ын төрийн дууллын үеэр эсэргүүцлээ илэрхийлж буй тамирчдыг эх оронч биш гэж олон нийтийн хэрэгслээр буруушааж байв.
АНУ-ын ерөнхийлөгч нар Супер Боулын тэмцээний өмнө олон нийтийн сувгаар ярилцлага өгдөг. Д.Трамп энэ ярилцлагадаа "Канзас Сити Чифс"-ийг ялна гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн.
"Ийглз" баг Д.Трампын бүрэн эрхийн хугацаанд Цагаан ордонд зочлохоос татгалзсан эхнийх нь биш. 2017 онд Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны аварга болж байсан Стефен Көрри тэргүүтэй "Голден Стэйт Уорриорс" Цагаан ордонд очихоос татгалзсан түүхтэй.
Эх сурвалж: Sportico
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!