Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.
Шинэчилсэн найруулгын төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан үндсэн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ хэд хэдэн зарчмын шинжтэй асуудлыг тусгасан талаараа сайд О.Алтангэрэл танилцуулав.
Тухайлбал
- хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлсэн
- хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан
- хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулсан хэмээжээ.
Энэхүү хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгүүдийн дунд нийт дөрвөн удаа хэлэлцүүлэн, санал санаачилгыг тусган ажилласан гэдгээ сайд О.Алтангэрэл мөн энэ үеэр онцолжээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
