Уншиж байна ...

Европын Холбоо 2024 онд анх удаа нүүрснээс илүү нарнаас эрчим хүч гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Европын Холбооны нарнаас гаргаж авсан эрчим хүчний хэмжээ нүүрсээр үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээг давжээ.

Тухайлбал 2024 онд Европын Холбоо нарны эх үүсгүүрүүдээс нийт үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 11 хувийг гаргаж авсан бол нүүрсний эх үүсгүүрүүдээс 10 хувийг нь авсан байна.

Малтмал түлшний бүх эх үүсгүүрүүдээс гаргасан эрчим хүчний эзлэх хэмжээ таван жил дараалан буурч, 16 хувьд хүрчээ.

“Энэ бол чухал алхам. Нүүрс бол цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хамгийн эртний, хамгийн бохир арга. Харин нар бол мандаж буй од юм” гэж дээрх мэдээллийг боловсруулсан судлаачдын нэг Беатрис Петрович хэлсэн байна.

Европын Холбооны эрчим хүчний систем дэх нүүрсний оролцоо 2007 онд оргилдоо хүрснээс хойш өнөөдөр тал хувьдаа хүртэл буурчээ.

Ижил хугацаанд салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэл 29 хувиар өсөж, усны болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2022 оны доод төвшнөөсөө хойш тасралтгүй сэргэж байгаа юм.

Өнгөрсөн онд нарны эх үүсгүүр бусдаасаа хамгийн өндөр өсөлттэй байжээ.

2024 онд Европын Холбооны гишүүн 17 улс эрчим хүч үйлдвэрлэлдээ нүүрс ашигласан хэвээр байсан байна. Гэхдээ тэдгээрийн 16-д нь нийт үйлдвэрлэлд нүүрсний эх үүсгүүрийн эзлэх хэмжээ буурчээ.

Тухайлбал хамгийн их нүүрс шатаадаг Герман, Франц хоёр улсад нүүрсийг нараар солих шилжилт эрчимтэй явагдсан байна.

Малтмал түлшний эрин үе ерөнхийдөө өндөрлөж байгааг байгалийн хийгээр эрчим хүч үйлдвэрлэдэг 26 улсын 14-д нь хэрэглээ буурснаас харж болохоор байна

Энэ өөрчлөлт нь Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Европын эрх баригчид Оросын байгалийн хийгээс хамаарлаа бууруулах бодлого явуулсны үр дүн гэж судлаачид дүгнэжээ.

“Европын бодлого болон зах зээл нь сэргээгдэх эрчим хүчийг өсгөж, нүүрс, байгалийн хийн эзлэх хувийг бууруулах боломжийг олгож байна” гэж Висконсин-Мэдисоны Их сургуулийн судлаач Грегори Немет үүнийг тайлбарлажээ.

Хэдий тийм боловч Хятадад нүүрс, АНУ-д байгалийн хийн хэрэглээ нэмэгдэж байгааг тэр анхааруулсан байна.

Европын Холбоо 2025 онд 400 Гигаваттын нарны эх үүсгүүртэй болохоор төлөвлөсөн нь биелэх боломжтой болсон байна. 2024 онд энэ хэмжээ 338 Гигаватт хүрчээ.

Өсөлт хэвээр үргэлжилбэл 2030 онд 750 Гигаватт хүргэх алсын зорилго нь биелэх боломжтой гэж судлаачид үзэж байна.

Өнгөрсөн онд Европын Холбооны эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээгээрээ цөмийн эх үүсгүүр тэргүүлж, салхи, хий, ус, нар, нүүрс болон бусад эх үүсгүүрүүд удаалжээ.

 

Эх сурвалж: The Guardian