АНУ-ын ерөнхийлөгч болоод удаагүй байгаа Дональд Трамп өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путинд хатуу анхааруулга өгсөн байна.
Өөрийн эзэмшдэг Truth Social платформд тэр “Эдийн засаг нь дампуурч байгаа Орос улс, ерөнхийлөгч Путинд би маш том тус хүргэж байна. Яг одоо асуудлаа шийдэж, энэ тэнэг дайнаа зогсоо! Цааш удах юм бол байдал улам муудна. Хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол бид өндөр татвар, тариф тогтоож, хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. АНУ болон бусад улсуудад Оросоос нийлүүлдэг бүх зүйл хориг арга хэмжээнд орно. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол хэзээ ч эхлэхгүй байсан энэ дайныг дуусгацгаая! Бид үүнийг хялбар аргаар, эсвэл хэцүү аргаар ч хийж чадна. Хялбар арга нь үргэлж дээр байдаг. Тохиролцох цаг болсон” гэж бичжээ.
Өмнөх өдөр нь буюу Мягмар гарагт Трамп дайны улмаас Путин улс орноо сүйрүүлж буйг шүүмжилж байсан юм.
Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадахаа амлаж байв.
Путин дайныг дуусгах яриа хэлэлцээг зөвхөн одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр буюу Оросын эзлэн авсан Украины газар нутгийн 20 хувийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг.
Тэр бас Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхгүй байх нөхцөлийг тулгадаг юм.
Украины эрх баригчид газар нутгаа алдахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ ерөнхийлөгч Зеленский саяхан зарим эзлэгдсэн газар нутгаа түр хугацаанд алдахыг хүлээн зөвшөөрөх шаардлага гарч магадгүйг илэрхийлж байв.
Трампын мэдэгдлээс өмнө НҮБ дахь ОХУ-ын элч Дмитрий Полянский хэвлэлд ярихдаа Кремлийн эрх баригчид цаашдын алхмаа хийхээс өмнө АНУ-ын шинэ засаг захиргаа Украины дайныг дуусгах хүсэлтэй байгаа эсэхийг мэдэх шаардлагатайг хэлж байжээ.
Мягмар гарагт Швейцарт Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд оролцохдоо Зеленский ямар ч гэрээ байгуулсан тохиолдолд гадаадын 200,000 энхийг сахиулагч Украинд байрлах шаардлагатайг хэлж байв.
Гэхдээ энхийг сахиулах хүч нь АНУ-ын цэргийг заавал багтаах ёстойг тэр илэрхийлсэн байна.
“Үүнийг АНУ-ыг оролцуулалгүй хэрэгжүүлэх боломжгүй. Хэдийгээр манай Европын зарим холбоотнууд болно гэж үзэж байгаа ч би боломжгүй гэж бодож байна” гэж Зеленский энэ үеэр хэлжээ.
Трамп өчигдрийн мэдэгдэлдээ эдийн засгийн хориг арга хэмжээ нь юунд чиглэх, хэзээ эхлэх талаар дурдаагүй байна.
Украины дайн эхэлсэн 2022 оноос хойш АНУ-д гаргадаг Оросын экспорт огцом буураад байгаа. Одоогоор АНУ-д нийлүүлдэг Оросын гол экспортын бүтээгдэхүүн фосфатын бордоо, цагаан алт (платинум) болж байгаа гэсэн мэдээлэл бий.
Сүүлийн өдрүүдэд Оросын эрх баригчид дайныг дуусгах боломжийн талаар түлхүү ярих болсон.
Тухайлбал Оросын суртал нэвтрүүлэгчдийн нэг Маргарита Симоньян одоогийн фронтын шугам дагуу гал зогсоож, дайныг төгсгөх бодитой нөхцөл бүрдэж байгаа талаар ярих болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!