Уншиж байна ...
Зураг
Зураг

Орос улс зарим зэвсэг техникээ Сириэс Ливи рүү зөөж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Ливийн фельдмаршал Хафтар, ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Евкуров нар

Орос улс Сири дэх баазаасаа агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад зэвсэг техникийг Ливи улс руу нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Уолл Стрит Журнал сонин уг мэдээг АНУ болон Ливийн албаны эх сурвалжуудаас уламжлан мэдээлсэн юм.

Ассадын дэглэм Сирид нуран унасны дараа Кремлийн эрх баригчид ийм аргаар Ойрх Дорнодын бүс нутаг дахь байр сууриа хадгалахыг чармайж байгаа бололтой.

Оросын ачааны нисэх онгоцнууд С-300, С-400 агаарын довтолгооноос хамгаалах системийн эд ангиуд, радаруудыг умард Африкийн Ливи улсын зүүн хэсэг нүүлгэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Ливийн энэ хэсэг Москвагийн холбоотон фельдмаршал Халифа Хафтарын хяналтад байдаг юм.

Цэргүүд, сөнөөгч онгоцнууд болон бусад байлдааны зэвсэг техникээ гаргаснаар Сири дэх Оросын байр суурь эрс багасаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Бас Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Ливид байнга байрлах эсэх нь ч тодорхойгүй байгааг АНУ-ын эх сурвалж хэлсэн байна.

Сирийн Тартус боомтод Газар дундын тэнгис дэх Оросын цорын ганц цэргийн бааз байрлаж байсан юм.

Энэ баазыг Орос улс нийт Ойрх Дорнод, Африк тив дэх цэргийн ажиллагаанууддаа ашигладаг байжээ.

Одоо харин Кремлийн эрх баригчид энэ бүсэд нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд Ливийн холбоотондоо найдаж байгаа бололтой.

Өнгөрсөн онд Оросын албаныхан Бенгази, Тобрук боомтуудын аль нэгд урт хугацаанд зогсоол түрээслэх асуудлаар Хафтартай уулзаж байжээ. Тухайн үед ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Юнус-Бек Евкуров фельдмаршал Хафтартай уулзаж байв.

Эдгээр нь Грек, Италийн эргээс 600 гаруй километр зайд оршдог боомтууд юм.

Хафтар олон жилийн өмнөөс Туркийн дэмжлэгтэй Ливийн албан ёсны засгийн газрын эсрэг хүчээ зузаатгахын тулд ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах систем нутаг дэвсгэртээ байрлуулахыг хүсэж байсан гэх мэдээлэл бий.

Гэвч Оросын нөлөө, байр суурь Ливид өргөжихийг Өрнөдийнхөн зөвшөөрөхгүй гэж ажиглагчид үздэг. Тухайлбал АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга Уиллям Бёрнс болон бусад албаныхан энэ талаар Хафтарт хэд хэдэн удаа анхааруулж байжээ.

Ливийн баруун хэсгийг хянаж, нийслэл Триполид төвлөрдөг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны засгийн газрыг Турк улс дэмжиж, тусалдаг юм.

Нөгөө талаар Ливийн боомтууд Сирийн баазыг бүрэн орлох боломжгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал Ливийн боомтуудын даац бага тул байрлах, дамжин өнгөрөх зэвсэг техникийн жинг эрс бууруулах ажээ.

Оросын тал бас Суэцын суваг, Энэтхэгийн далай, Арабын хойгт нэвтрэхийн тулд Улаан тэнгисийн эрэгт бааз байгуулахаар Судан улсад санал тавьсан гэх мэдээлэл бий. Гэвч Вагнерын хөлсний цэргүүдээр иргэний дайныг нь улам өдөөж буй Москвагийн эрх баригчдад Судан улс зөвшөөрөх магадлал бага байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Wall Street Journal