Google компани өчигдөр квантын компьютерын шинэ чип бүтээснээ танилцуулж, үүнийгээ квант тооцооллыг бодит хэрэглээнд ойртуулахад гарсан том ахиц дэвшил гэж тодорхойлжээ.
“Willow” гэж нэрлэгдсэн уг чип өнөөдрийн тэргүүлэх супер компьютеруудын 10 септиллион жилийн хугацаанд гүйцэтгэх ажлыг хэдхэн минутын дотор хийх хүчин чадалтай болсон гэнэ.
“Энэ хугацааг тоогоор илэрхийлэхийн тулд нэгийн ард 25 тэг бичнэ” гэж Google Quantum AI багийг үүсгэн байгуулагч Хартмут Невен сэтгүүлчдэд тайлбарлажээ.
Google компанид харьяалагддаг түүний баг 300 орчим мэргэжилтнээс бүрддэг юм.
Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Бид Willow чипийг халуун цөмийн эрчим хүч, батарейн дизайн, шинэ эм бүтээх зэрэг төрөл бүрийн практик хэрэглээнд квантын компьютерыг ашиглах чиглэлд гарсан чухал алхам гэж үзэж байна” гэж Х хуудсандаа бичжээ.
Ийм том асуудлуудыг шийддэг компьютер бий болоход дахиад олон жилийн зай байгаа хэдий ч Willow чип энэ чиглэлд том алхам болсныг Невен болон түүний багийнхан онцолж байна.
Асар өндөр хурдтай квантын компьютер бүтээснээр салбар салбарт шинжлэх ухааны томоохон нээлтүүд гарах ирээдүйтэй гэж судлаачид үздэг.
Өнөөдөр энэ чиглэлд АНУ, Хятад улсууд асар их хөрөнгө оруулж, хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа.
Тухайлбал Вашингтоны эрх баригчид энэ чиглэлийн технологиудыг Хятад улсад экспортлоход хатуу хязгаарлалт тавьдаг болсон.
Сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий даяар квантын компьютерын судалгаанд оруулсан хувийн болон төрийн хөрөнгийн нийт хэмжээ $20 тэрбумд хүрснийг судлаач Оливер Эзратти саяхан мэдээлж байжээ.
Энгийн компьютер нь ажиллахдаа тэг ба нэгийн аль нэг төлөвт байдаг бит (bit) хэмээх хоёртын тооллын системийн нэгжийг ашигладаг.
Харин квантын компьютерын “qubit” нь нэг зэрэг тэг ба нэгийн аль ч төлөвт байх чадвартай тул асар их хэмжээний мэдээллийг боловсруулах өндөр хүчин чадалтай юм.
Google-ийн Willow чипийн хувьд томрох тусам тооцооллын алдаагаа эрс багасгах чадвартай болсон нь бараг сүүлийн 30 жилийн турш судлаачдын толгойг гашилгаж байсан асуудал юм байна.
Тухайлбал системд “qubit”-үүдийн тоог нэмэх тусам алдаа нь өсөхийн оронд эсрэгээрээ буурдаг болсон нь гол дэвшил ажээ.
Алдаа засах чадвар нь квант тооцооллын “төгсгөлийн үе шат” бөгөөд Google энэ замаар “өөртөө итгэлтэй урагшлах” боломжтой болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!