Уншиж байна ...

Сэргээн босгосон Парисын дарь эхийн сүмийн нээлтэд дэлхийн 50 улсын төрийн тэргүүн оролцлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Таван жилийн өмнө гал түймэрт шатсан Парисын дарь эхийн сүмийг сэргээн босгосны дараах нээлтийн ёслолын ажиллагаа Бямба гарагт Францын нийслэл хотод болж өнгөрлөө.

Нотр Дамыг 1345 онд анх нээж байсан бөгөөд тухайн үедээ 200,000 орчим оршин суугчтай Парис хотын хамгийн өндөр барилга байсан гэдэг.

13, 14 дүгээр зууны архитектурын гайхамшигт тооцогддог католик шашны уг сүм 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнө галд шатаж, асар их хэмжээгээр сүйдэж байжээ.

Тухайн үед Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон таван жилийн хугацаанд Нотр Дамыг үнсэн дундаас босгохоо амлаж байв.

Тэгвэл яг таван жил, найман сарын дараа ийнхүү шинээр нээгдэж байна.

Сүмийг сэргээн босгоход дэлхийн олон орноос 850 сая еврогийн хандив цугларсан бөгөөд үүний 700 саяар гүйцэтгэжээ.

Үлдсэн 150 сая еврог сүмийн гадна хэсгийг засварлахад зарцуулахаа төслийн ахлагч Филипп Жост мэдэгдсэн байна.

Сэргээн босголтын ажилд 250 орчим компани, 2,000 орчим ажилчин, нарийн мэргэжилтэн гар бие оролцжээ.

зураг
 
зураг
 
зураг
 

Нотр Дамын нээлтэд Элисейн ордон 100 хүндтэй зочныг урьсны дотор 50 нь төрийн тэргүүнүүд байв.

Хүндэт зочдын дотор АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уилльям, Итали, Грек, Украины ерөнхийлөгч нар, Бельги, Испани, Монакогийн хаад, Люксембургийн гүн, Катарын эмир нар байсан юм.

Ромын католик сүм хийдийн тэргүүн Францискийг урьсан ч тэр энэ долоо хоногт Францын Корсик аралд айлчилж байгаа гэсэн шалтгаанаар ирээгүй байна.

Нотр Дам өнөөдөр буюу Ням гарагийн 18:30 цагт олон нийтэд үүд хаалгаа нээх гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian