Уншиж байна ...

Оросын эрх баригчид Сирийн дэглэмийг аврах боломжгүйгээ Ассадад мэдэгдсэн гэнэ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сирийн дарангуйлагч Башар аль Ассадын дэглэмийн гол хамгаалагчдын нэг Орос улс байсан.

2011 онд эхэлсэн иргэний дайнаар Ассадын дэглэм унахын ирмэг дээр ирээд байхад 2015 онд Оросын цэргийн бааз Сирид нээгдсэнээр аврагдаж байв.

Харин энэ удаа туслах боломжгүйгээ Москвагийн эрх баригчид Сирийн ерөнхийлөгчид мэдэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тухайлбал Оросын тал “өөр илүү чухал шийдвэрлэх асуудалтай” гэсэн үндэслэлээр тусламж дэмжлэгээ хязгаарлахаас өөр аргагүй байгааг Ассадын засгийн газарт мэдэгдсэнийг Sky News Arabia суваг Сирийн албаны эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.

Москвад одоогоор Ассадын дэглэмийг аврах төлөвлөгөө байхгүйг Кремлийн нэрээ нууцалсан эх сурвалж баталсан тухай Блүүмбэрг мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Сирийн босогчид засгийн газрын армийн эсрэг шинэ давшилт эхлүүлснээр хоёр том хотыг эзлээд байгаа.

Хаяат Тахрир аль Шам (ХТШ) исламист бүлэглэлийн тэргүүлсэн босогчид Алеппо, Хама хотуудыг дараалан эзэлснийхээ дараа стратегийн чухал ач холбогдолтой Хомс хотын зүгт давшиж эхлээд байна.

Хомс хотыг босогчид эзэлбэл Сирийн засгийн газрыг тэнгисийн эрэг орчмын нутгаас салгах юм. Тэнд Оросын тэнгисийн цэргийн Тартус бааз оршдог.

Энэ долоо хоногийн эхээр Оросын хөлгүүд тус баазыг орхин явсан байна. ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийгээ Газар дундын тэнгист байлдааны бэлтгэл сургуулилалт явуулах зорилготой гэж тайлбарлажээ.

“Ассадын дэглэмийн ирээдүй хэзээ ч өнөөдрийнх шиг бүрхэг байсангүй. Одоо Оросын тал түүнийг аврах боломжгүй, магадгүй хүсэхгүй байгаа нь харагдаж байна” гэж Вашингтонд төвтэй Ойрх Дорнодын Хүрээлэнгийн Сири болон Терроризм, Экстремизмтэй тэмцэх хөтөлбөрийн захирал Чарльз Листер ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт босогчид Сирийн хоёр дахь том хот Алеппог эзэлсний дараа Оросын эрх баригчид Сири дэх цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Сергей Киселийг огцруулсан нь тодорхой болсон юм.

 

Эх сурвалж: Bloomberg