Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр орой улс орондоо онц байдлын дэглэм зарласан нь дэлхий нийтийг гайхшируулсан үйл явдал байв.
Орон нутгийн цагаар 23:00 цагт тэр шийдвэрээ зарлахдаа “төрийн эсрэг хүчнийг устгах” зорилготой гэж тайлбарласан юм.
Гэвч Юн Сүк Ёлын мэдэгдлээс хойш хагас цагийн дараа эрх баригч болон сөрөг хүчний намын хууль тогтоогчид яаралтай хуралдаж, ерөнхийлөгчийн зарласан онц байдлын дэглэм тогтоох шийдвэрт 100 хувийн саналаар хориг тавьжээ.
Парламентын шийдвэр гарснаас хойш гурван цаг, 30 минут орчмын дараа буюу орон нутгийн цагаар үүрийн 4:20 цагт Юн Сүк Ёл гаргасан шийдвэрээ цуцалж байгааг зарласан байна.
“Төрийн үндсэн чиг үүргийг сулруулж, либерал ардчиллын үндсэн хуулийн дэг журмыг бусниулах гэсэн төрийн эсрэг хүчнээс улс орноо аврахын тулд би өнгөрсөн шөнө эрс шийдэмгий алхам хийж, онц байдлын дэглэм зарласан билээ. Гэсэн хэдий ч Үндэсний Ассамблейн тавьсан шаардлагын дагуу би онц байдлын дэглэм тогтооход дайчлагдсан цэргийн хүчийг буцаан татаж байна” гэж Юн Сүк Ёл мэдэгджээ.
Тэр бас өөрийг нь болон бусад албан тушаалтнуудыг огцруулахыг удаа дараа шаардаж, хууль тогтоох үйл ажиллагаа, улсын төсвийг батлахад саад учруулж буй увайгүй үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг Үндэсний Ассамблейд уриалсан байна.
Эндээс үзвэл тэр өөрийнх нь засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж буй сөрөг хүчин давамгайлсан парламентыг “төрийн эсрэг хүчин” гэж нэрлэсэн нь тодорхой боллоо.
Юн Сүк Ёлын мэдэгдлээс хойш 30 минутын дараа Өмнөд Солонгосын засгийн газар хуралдаж, онц байдлын дэглэмийг цуцлах шийдвэрийг баталжээ.
Онц байдлын дэглэм тогтоох шийдвэрийг зарласны дараа парламентын ордны гадаа уг шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган иргэд цугларсан юм.
Тэд ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг “цэргийн эргэлт”-тэй адилтгаж байв.
Юн Сүк Ёл шийдвэрээ цуцалсан тухай мэдээг эсэргүүцлийн цуглаанд оролцогчид баяр хөөртэй хүлээж авсан юм.
Гэсэн хэдий ч тэд тараагүй байна.
Өнөөдөр тэдний тэмцэл Сөүл даяар өргөжиж өндөр магадлалтай болжээ.
Тэмцэгчдийн дараагийн зорилго нь Юн Сүк Ёлыг өөрийн санаачилгаар огцрохыг шаардах, ингэхгүй бол түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентаар хэлэлцүүлэх бололтой.
Юн Сүк Ёл нь хэдийнээ Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндгүй ерөнхийлөгч болоод байгаа. Түүний санаачилсан хууль бүр парламент дээр унаж байна.
Энэ байдал түүний тэвчээрийг барж, ийм эрс шийдэмгий арга хэмжээ авахад хүргэсэн нь тодорхой болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!