Уншиж байна ...

"Ирэх оны төсвийг УИХ дээр хэлэлцэх гэхээр Дэгийн тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Засгийн газар өөрсдөө оруул гэхээр бас дэмжихгүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүний олонх нь дэмжээгүй. 

Иймд Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг УИХ-д оруулж ирлээ. 

2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бидний боловсруулсан дэгээр явчихсан бол амар байх байлаа. Сайд нар өөрсдөө эсрэг санал өгөөд унагаачихсан. 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгохыг дэмжвэл, Засгийн газар дахиад өргөн барина. 

Засгийн газар нь алдагдалгүй төсөв оруулж ирээд, УИХ муухай болгочихсон юм шиг ойлголт олон нийт рүү түгээд байна. Ийм зүйл байхгүй. Сангийн сайд алдагдалгүй төсөв оруулж ирэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: УИХ хоригийг хүлээж аваад, ажиллаад явна гэвэл саяхан өргөн баригдсан Дэгийн тухай хуулийг хүлээж авах ёстой байсан. Харамсалтай нь УИХ үүнийг дэмжихгүй гэж байгаа бол Засгийн газар руу буцаахаас өөр аргагүй. 

Цаг хугацааны хувьд шахагдаж ажиллахгүй бол аймаг орон нутаг маань төсвөө хэлэлцэж амжихгүй болоод байна. 2025 оны төсвийг Засгийн газар яаралтай өргөн баривал УИХ яаралтай хэлэлцээд явах бүрэн боломжтой. 

Сэтгэл нь ханахгүй байгаа юм шиг хандмааргүй байна. Ирэх оны төсвийг УИХ дээр хэлэлцэх гэхээр Дэгийн тухай хуулийн төслийг дэмжихгүй. Засгийн газар өөрсдөө оруул гэхээр бас дэмжихгүй. 

Тэгэхээр яг яах гээд байгаа юм бэ. Засгийн газар дахин боловсруулаад оруулж ирэхээс аргагүй нөхцөлд хүрлээ. Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг аятайхан дэг оруулж ирсэн боловч олон гишүүн болохгүй байна гэж үзлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарч хурлаа хийгээд 2025 оны батлагдсан төсвийн хуулийг хүчингүй болсонд тооцох шийдвэр гарч байна. 

Маш их урт процесс дахин эхэллээ. 126 гишүүнтэй УИХ үйл ажиллагаа эхлээд таван сар болж байгаа ч тав дахь төсвөө хэлэлцэх гэж байна гэсэн үг. Гишүүд дараагийн асуудал дээр олон талаас бодож, хандах нь зүйтэй. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1126151705603124