Уншиж байна ...

“Notting Hill” киноны гэр бүл салдаг үргэлжлэлийг Жулиа Робертс эсэргүүцсэн тул цуцалж байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

1999 онд дэлгэцэд гарч байсан “Notting Hill” романтик инээдмийн киноны зохиолч, найруулагч Ричард Куртис саяхан IndieWire сэтгүүлд өөрийн шинэ уран бүтээлийг сурталчлахдаа нэгэн сонирхолтой түүхийг ярьжээ.

Уг бүтээлийн кино одын дүрд Жулиа Робертс, номын жижиг дэлгүүрийн эзний дүрд Хью Грант тоглодог.

Тэд хоорондоо хайр сэтгэлтэй болж, гэрлэж, хүүхэдтэй болж байгаагаар кино төгсдөг юм.

Харин Куртис энэ киноныхоо үргэлжлэлийг тэд салж байгаагаар төгсгөх төлөвлөгөөтэй байжээ.

“Би Notting Hill киногоо тэднийг салж дуусдаг зохиолоор үргэлжлүүлэх бодолтой байсан” гэж Куртис дурссан байна.

Гэвч жүжигчин Жулиа Робертс үүнийг “маш муу санаа” гээд эсэргүүцсэн тул төслийг цуцалж байжээ.

Харин Хью Грант найруулагчтайгаа санал нэг байсан гэнэ.

2020 онд HBO телевизийн шоунд оролцохдоо тэр “Би өөрийн романтик инээдмийн кинонуудын нэгний үргэлжлэлийг бүтээхийг хүсдэг. Аз жаргалтай төгсгөл нь аймшигтай худал байсныг батлан харуулмаар байна. Жулиа бид хоёрын гэрлэлтийг өмгөөлөгчид, хүүхдүүд оролцсон аймшигтай, нулимс урсгасан өндөр өртөгтэй салалтаар дуусгахыг би хүсдэг. Сэтгэл санаанд мөнхийн шарх үлдээх салалт” гэж ярьж байсан юм.

Саяхан тэр бас “Notting Hill” кинонд бүтээсэн “жигшмээр” дүрээ үзэн яддаг тухай Vanity Fair сэтгүүлд ярьж байжээ.

“Гэртээ жаахан уусны дараа телевизийн сувгуудыг гүйлгэж байгаад энэ кино таарах бүрд би “Яагаад миний дүр ийм арчаагүй юм бэ?” гэж байнга боддог. Энэ кинонд тэр (Жулиа) манай гэрийн хаалгыг тогшоод намайг нээж өгөхөд шууд хажуугаар зөрөөд ордог. Аймшигтай. Өнгөрсөн хугацаанд “Чи яагаад тэрийг зогсоогоогүй юм бэ? Чи чинь яачихсан хүн бэ?” гэж надад хэлээгүй найз охид (одоогийн эхнэр маань хүртэл) байгаагүй. Энэ асуултад би юу гэж хариулахаа мэддэггүй. Зохиол нь ийм байсан юм л гэж хариулдаг. Би үүнийг жигшмээр дүр гэж боддог” гэж Грант ярьж байв.

 

Эх сурвалж: The Guardian