Уншиж байна ...

New Jeans хамтлаг агентлагаасаа салж байгааг зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн алдартай k-pop хамтлагуудын нэг New Jeans харилцааны маргааны улмаас өөрийн харьяалагддаг агентлагаас гарч байгаагаа өчигдөр орой зарлажээ.

Таван гишүүнтэй охидын хамтлаг өөрсөдтэй нь зүй бус харьцдаг гэсэн шалтгаанаар Өмнөд Солонгосын томоохон энтертайнмэнт групп Hybe-ийн салбар компани болох Ador агентлагаас ийнхүү салж байна.

Энэ үйл явдал нь NewJeans хамтлагийн продюсер асан Мин Хи Жин болон Hybe группийн ерөнхийлөгч Бан Си Хюк нарын хооронд удаан үргэлжилсэн зөрчлийн нэг хэсэг юм.

“Энэ бол бидний хүндэтгэн дагадаг ажлын ёс зүй, арга барил биш. Тиймээс New Jeans хамтлагийг хамгаалах бодлогогүй ийм компанийн дор үргэлжлүүлэн ажиллах нь бидэнд хор уршигтай гэж үзэж байна” гэж хамтлагийн гишүүн Ханни мэдэгджээ.

Hybe групп өөрсөдтэй нь төдийгүй, хамтран ажиллагсадтай нь зүй бус харьцаж, санаатай хууран мэхэлж байсныг тэр нэмж хэлсэн юм.

NewJeans хамтлагийн гишүүд цаашдаа өөрийн анхны продюсер Мин Хи Жинтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Ador агентлагийг салган тусгаарлах бодлого, үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Hybe групп энэ оны наймдугаар сард Минтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байв.

Мин харин Ador болон New Jeans хамтлагийг уран бүтээлийн хувьд хараат бус байлгах зорилготой ажилласан гэж өөрийгөө өмөөрч байжээ.

Мин бас Hybe группийг New Jeans хамтлагийн гадаад төрх, дуу хөгжмийг хуулбарласан Illit хамтлагийг үүсгэн байгуулсан гэж шүүмжилж байлаа.

Арваннэгдүгээр сарын 13-нд New Jeans хамтлаг байгуулсан гэрээнийхээ зөрчлийг арилгах 14 хоногийн хугацаатай шаардлагыг Ador агентлагт хүргүүлж байв.

Тэд шаардлагыг нь биелүүлэхгүй бол гэрээгээ цуцлахыг анхааруулж байлаа.

Бас өөрсдөд нь дээрэнгүй ханддаг нэг менежэрээр уучлал гуйлгуулах, Минийг буцаан томилохыг шаардсан юм.

NewJeans хамтлаг Ador агентлагтай 2029 онд хугацаа нь дуусах долоон жилийн гэрээтэй байдаг.

Өмнөд Солонгосын зарим хэвлэлүүд гэрээгээ хугацаанаас нь өмнө дуусгавал NewJeans хамтлагийн гишүүд 300 тэрбум воны ($216 сая) торгууль төлж болзошгүй талаар бичиж байжээ.

Харин хамтлагийн гишүүд өөрсдөө гэрээг зөрчөөгүй тул ийм шийтгэл хүлээх үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

NewJeans хамтлаг, Hybe группийн маргаан зөрчил сүүлийн нэг жил орчим хугацаанд үргэлжилж байна.

Энэ оны аравдугаар сард тус хамтлагийн гишүүн 20 настай Ханни ажлын байрны дээрэлхэлт дарамтын талаар Өмнөд Солонгосын парламентын хөдөлмөрийн байнгын хорооны сонсголд оролцож, гишүүдэд мэдүүлэг өгч байв.

Hybe группийн удирдлага хамтлагийг нь зориудаар сулруулан доройтуулж, үзэл бодлыг нь хайхрахгүй байгааг тэр энэ үеэр ярьсан юм.

Хэд хэдэн ийм тохиолдлын дараа “Энэ бол зүгээр нэг мэдрэмж биш гэдгийг би ойлгосон. Компани биднийг үзэн яддаг гэдэгт би бүрэн итгэлтэй болсон” гэж Ханни ярьжээ.

2022 онд уран бүтээлээ эхэлсэн New Jeans нь BTS-ийн нэгэн адил хамгийн амжилттай яваа k-pop хамтлагуудын нэгд тооцогддог.

“Super Shy”, “OMG” зэрэг хит дуунуудаараа тэд өнгөрсөн онд дэлхийн хамгийн өндөр эрэлттэй уран бүтээлчдийн наймдугаарт бичигдэж, энэ жилийн MTV Avards шагналын шилдэг хамтлаг төрөлд нэр дэвшиж байв.

Тус хамтлагийн таван гишүүн Минжи, Ханни, Даниэл, Хэрин, Хеин нар 16-20 насны охид юм.

 

Эх сурвалж: BBC