Өнгөрсөн Ням гарагт Энэтхэгийн Уттар Прадеш мужид гарсан зам тээврийн осолд орон нутгийн эрх баригчид Google Maps-ийг буруутгаж байгаа ажээ.
Тухайн өдөр нэг автомашин нурсан гүүрээр гарах гэж яваад голд унаснаас гурван эрэгтэй зорчигч амиа алдсан юм.
Ослын шалтгааныг мөрдөж байгаа цагдаа нар үүнд Google Maps буруутай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тухайн гүүр энэ оны эхээр үерийн улмаас нурсан юм байна. Нутгийн хүмүүс гүүр нурсныг мэддэг тул өөр замаар зорчдог байжээ. Гүүрэн дээр ямар нэг хаалт, анхааруулах тэмдэг байрлуулаагүй байна.
Гэтэл тухайн нутагт гаднаас ирсэн хүмүүс үүнийг мэдэлгүй гүүрээр гарах гэж яваад осолджээ. Тэд зөвхөн Google Maps-ээр замын чиглэлээ тодорхойлж явсан бололтой.
Эрх баригчид орон нутгийн авто замын газрын дөрвөн инженерийг, бас Google компанийн Maps үйлчилгээг хариуцсан нэг ажилтныг хүн амины хэрэгт татжээ.
Google компанийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад ослын шалтгааныг тогтоохын тулд мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.
Энэхүү эмгэнэлт осол Энэтхэг улсын замын дэд бүтцийн чанар стандарт муу байгааг харуулж, Google Maps зэрэг навигацийн программуудыг ийм хэрэгт буруутгаж болох эсэх талаар маргааныг олон нийтийн дунд өрнүүлжээ.
Хүмүүсийн зарим нь Google Maps-ийг мэдээллээ шинэчлээгүй хэмээн буруутгаж байгаа бол нөгөө нэг хэсэг нь замын тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй эрх баригчдыг буруутай гэж үзэж байна.
Google Maps бол Энэтхэгт хамгийн өргөн хэрэглэгдэг навигацийн программуудын нэг бөгөөд 60 сая орчим идэвхтэй хэрэглэгчтэй, өдөрт 50 сая орчим хайлт гүйцэтгэдэг юм.
Гэхдээ уг программын буруу мэдээллийн улмаас хүний амь хохирох тохиолдол үе үе гардаг байна.
2021 онд Махараштра мужид нэг эрэгтэй буруу замаар автомашин жолоодож яваад даланд унаж, амиа алдсан юм.
Өнгөрсөн онд Керала мужид хоёр залуу эмч бас Google Maps-ийн заасан замаар зорчиж яваад автомашинтайгаа голд живж байжээ.
Гэхдээ Google Maps нь хэрэглэж буй хүмүүсийнхээ хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг бүртгэсний үндсэн дээр явах маршрутаа шинэчилдэг тул ийм төрлийн осол хувь хүний үзэмж, гаргасан шийдвэртэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Бас замын аюулгүй байдлын мэдээллийг тогтмол шинэчилж байх үүрэгтэй албаныхан үүнд илүү буруутай гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!