Уншиж байна ...

Ойн газрын 100 жил: Ойчид бол ирээдүй хойч үедээ амьд өв үлдээгчид

ikon.mn
2024 оны 11 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 

Анх 1924 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Засгийн газрын 29 дүгээр хурлын шийдвэрээр Аж ахуйн явдлын яамыг 6 хэлтэстэй байгуулсны нэг нь Ой, модны хэлтэс байв. 1924 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Аж ахуйн явдлын яамны сайдын тавдугаар тушаалаар Ой модны хэлтсийн харьяанд анхны дөрвөн ойн ангийг байгуулснаар ой, модны салбарын түүх эхэлсэн түүхтэй.

Өдгөө манай улсын нийт ойчид Монгол Улсын ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 2030 онд 9 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилснаар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар байгуулагдаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлэх ажлыг манлайлан ажиллаж байгаа юм. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Тэрбум мод” тарих бэлтгэл ажил улс орон даяар өрнөсөн бол ирэх 2025 оноос томоохон талбайг хамарсан тарилтууд явагдаж эхлэх аж. 

Түүнчлэн Ойн газар ирэх зуун жилээ угтаж НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх, зардлын нормативыг шинэчлэн батлах, ойн үрийн аж ахуйг шинэчлэх, ойн салбарын бүтцийг босоо удирдлагын хэлбэрт шилжүүлэх, “Ойн тухай” хууль, эрхзүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, цахимжуулах, шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Өнөөдөр манай ойн салбар дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахаар зорьж, сүүлийн үеийн техник технологийг аль хэдийнээ нэвтрүүлж эхэлсэн. Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд 2024 оноос өндөр хүчин чадалт дроныг нэвтрүүлж байна.

Мөн ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд Earthranger программыг нэвтрүүлснээр орон нутгийн мэргэжилтнүүд яг тухайн байршил, тэр мөчдөө шууд мэдээллийг дамжуулах боломжтой болсон. Мөн VR, AI технологийг ч ашиглаж эхэллээ.

Ойн газраас Инновацын шинэ бүтээлүүд, оюутан залуусын шинэлэг санал санаачилгыг дэмжин ажиллаж, хүний нөөцийн дутагдалд ороод байгаа ой, модны салбартаа залуусыг татан оруулахад ихээхэн анхаарч байна.

ВИДЕО: