Босогчдын зэвсэгт бүлэглэлүүд Сири улсын баруун хойд бүс нутагт томоохон давшилт эхлүүлж, ерөнхийлөгч Башар Аль Ассадын цэргийн хяналтад байсан газар нутгийг эзэлсэн тухай эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Энэ нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд гараагүй өөрчлөлт юм.
Лхагва гарагаас хойш холбоотнуудынхаа хамт Алеппо, Идлиб мужуудын нутаг дэвсгэрт олон тооны тосгон, сууринд хяналтаа тогтоогоод байгааг Хаяат Тахрир аль-Шам (ХТШ) исламист бүлэглэл өчигдөр мэдээлжээ.
Сирийн засгийн газрын арми “террористуудын өргөн хүрээний довтолгоо”-г зогсоохоор тулалдаж, тэдэнд их хэмжээний хохирол учруулснаа бас мэдээлсэн байна.
Энэ тулаанд хоёр талаас нийтдээ 180 гаруй хүн алагдсан байж болзошгүйг Их Британийн ажиглагчид мэдээлжээ.
Бас Сири, Оросын засгийн газрын хүчнүүд босогчдын эзэмшлийн нутагт агаарын цохилт явуулах үеэр хамгийн цөөндөө 19 энгийн иргэн алагдсан тухай мэдээлж байна.
2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны үеэр нийтдээ хагас сая гаруй хүний амь үрэгдсэн юм.
Дөрвөн сая хүн оршин суудаг Сирийн Идлиб муж одоогоор засгийн газрын эсрэг босогчдын гол түшиц газар болоод байгаа.
Энэ мужийн ихэнх хэсгийг дээр дурдсан ХТШ бүлэглэл хянадаг. Бас “Сирийн Үндэсний Арми” нэр дор нэгдсэн хөрш Турк улсын дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд, Туркийн зэвсэгт хүчний анги нэгжүүд энд байрладаг.
2020 онд Турк, Орос улсуудын зуучилснаар Идлибийг буцаан авах Сирийн засгийн газрын давшилтыг зогсоох хэлэлцээр байгуулагдаж байв.
Гэхдээ тэр цагаас хойш мөргөлдөөн бага хүрээнд үргэлжилсээр байсан юм.
Өнгөрсөн сард Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч Газын зурвас болон Ливанд үргэлжилж буй дайн “Сирийн баруун хойд бүс нутагт мөргөлдөөнийг аюултай хэлбэрээр өдөөж болзошгүй байна” хэмээн анхааруулсан.
Тухайлбал сүүлийн үед ХТШ бүлэглэлийн довтолгоо эрчимжиж, Оросын агаарын хүчин цохилтоо сэргээж, Сирийн засгийн газрыг дэмжигч бүлэглэлүүдийн байлдааны ажиллагаа идэвхэжсэнийг тусгай элч Гэйр Педерсен мэдэгдэж байжээ.
Хөрш Ливан улсад Израилийн арми Ираны дэмждэг Хезболла зэвсэгт байгууллагын хүчийг нэлээд сулруулаад байгаа.
Хезболла нь ерөнхийлөгч Башар Аль Ассадыг дэмжиж, Сирийн иргэний дайнд оролцож байсан юм.
Израилийн арми бас Сирийн нутаг дахь Иран, Хезболлатай холбоотой байгууламжуудад агаараас довтлох болсон.
Орос улс Украины дайнд хүчээ төвлөрүүлсний улмаас Сири дэх ажиллагаа нь сулраад байгаа.
Энэ бүхэн Сирийн босогч хүчнийхэнд боломж олгож байж болзошгүй юм.
Лхагва гарагийн оройн байдлаар босогчдын хүч Алеппо мужийн нутаг дэвсгэрт довтолж, мужийн төв Алеппо хотоос 10 км хүрэхгүй зайд тулж ирсэн байна.
Тэд Сирийн армийн баазыг эзэлж, найман тосгонд хяналтаа тогтоожээ.
Пүрэв гарагт босогчид Алеппо хотыг нийслэл Дамаск хоттой холбодог М5 хурдны замыг тасалсан байна.
Энэхүү мөргөлдөөний улмаас 7,000 орчим гэр бүл орон гэрээсээ дүрвэж, орон нутгийн сургууль, эмнэлгүүд үйл ажиллагаагаа зогсоосныг Олон Улсын Аврах Хороо (IRC) байгууллага мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!