Африк тивийн өмнөд бүсийн Зимбабве улсын сангийн сайд Митхули Нкубег ирэх оны төсвөө танилцуулж байх үеэр цахилгаан хангамж тасарсны улмаас парламентын ордныг түнэр харанхуй нөмөрчээ.
Тас харанхуй танхимд тус улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва, дэд ерөнхийлөгч Константино Чивенга болон парламентын бүх гишүүд сууж байв.
Зимбабве улсын эрчим хүчний гол үйлдвэрлэгч Карибагийн усан цахилгаан станц удаан үргэлжилж буй ган гачгийн улмаас зогссон тул өдөр бүр 12 цагийн турш орон даяар цахилгаан хязгаарладаг болоод байгаа.
Ордонд цахилгаан тасрах үеэр сөрөг хүчнийхэн үүнийг Зимбабвегийн засаглалын хямралын “нүүр царай” хэмээн шүүмжилж байжээ.
Парламентын ордон тусгай нөөц эрчим хүчний эх үүсгүүртэй боловч аянга буусны улмаас эвдэрсэн тухай Зимбабвегийн Эрчим Хүчний Түгээлтийн Захиргааны төлөөлөгч Жорж Маняая мэдэгдсэн байна.
Цахилгаан тасрахын өмнө сангийн сайд тус улсын эдийн засаг ирэх онд дунджаас дээш хэмжээний хур тунадас унасны ачаар 6 хувиар өсөх тооцоог гаргаснаа танилцуулж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!