Уншиж байна ...

“Зорилтот бүлгийн иргэдэд нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх” төсөл хэрэгжиж байна

ikon.mn
2024 оны 11 сарын 29
ikon.mn
Зураг зураг

Төслийн хүрээнд Канад сангийн санхүүжилтээр Нийгмийн хамгааллын тусгай төвд 25м2 өрөөнд иж бүрэн засвар хийж, утлагын аппарат, шарлагын аппарат, имфра, УВЧ, электрофорез, лазер туяа эмчилгээ, спиннинг, хөл савлуур, мишок, гүйлтийн зам, массажны сандал зэрэг 10 гаруй нэр төрлийн нөхөн сэргээх эмчилгээ, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулан 2024 оны 08 дугаар сард үйл ажиллагааг нээж зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Нийгмийн хамгааллын тусгай төвд Ковид цар тахлаас өмнө жилд дунджаар 100-120 орчим орон гэргүй иргэн шинээр бүртгэгдэж байсан бол Ковидын нөлөөгөөр энэ үзүүлэлт жилд 150-200 болж нэмэгдсэн.

зураг
 

Үүний зэрэгцээ тэдний эрүүл мэндийн асуудал нэмэгдэж, бэртэл гэмтэл, үрэвслийн өвчлөл, шарх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй хөдөлгөөний дутагдал, амьсгалын замын халдвар зэрэг өвчлөл  зонхилон тохиолдож байна. Өөрөөр хэлбэл төвөөр үйлчлүүлж буй зорилтот бүлгийн иргэдийн 100 хүн тутмын 80%-д чийрэгжүүлэх, сэргээн засах, туяагаар эмчлэх, эмт бодисоор утах эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ нэн шаардлагатай байдаг.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төвөөс үйлчилгээ авч буй 280 гаруй иргэн 1400 удаагийн үзлэг эмчилгээнд хамрагдсан бөгөөд тэдний 20%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

2024 онд Канад сан нийт 270 гаруй төсөл хүлээн авснаас 14 төсөл төсөл шалгарсны нэг нь дээрх төсөл бөгөөд зорилтот бүлгийн иргэд хүйтний улиралд цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээ авч, иргэдийн эмнэлэг рүү явахад учрах аливаа эрсдэл буурч, байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдэд үзүүлж буй эрүүл мэндийг дэмжих үйлчилгээнд бодит ахиц гарч байгаа нь төслийн гол үр дүн юм.

"Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад Сан (ОНСДКС) хөтөлбөр нь Канад улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй улсад хэрэгжиж байна.

Канад улсын албан ёсны Хөгжлийн Туслалцааны жагсаалтад Монгол Улс 1997 оны 4 дүгээр сард орсноос хойш Канад сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Монгол Улсын 21 аймаг, сумууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд амьдардаг нийгмийн хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн жижиг, дунд хэмжээний төслүүдэд нийт 8 сая канад долларын санхүүжилтийг зарцуулаад байна.

 

Эх сурвалж: Нийгмийн хамгааллын тусгай төв