ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Казахстанд сэтгүүлчидтэй уулзахдаа Украины нийслэл Киев хотыг Орешник пуужингаар довтлохоор сүрдүүлсэн байна.
Тэр бас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампыг энэ үеэр “ухаалаг” хэмээн магтжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Оросын арми дуунаас хурдан шинэ баллистик пуужингаар анх удаа Украины Днипро хотод довтолсон юм.
Үүнийгээ АНУ, Их Британи улсууд алсын тусгалын зэвсгээ Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглахыг Украины талд зөвшөөрсний хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байв.
“Орешник пуужингаар Киев хот дахь батлан хамгаалах, цэргийн аж үйлдвэрийн байгууламжууд, шийдвэр гаргагчдын байрлалд довтлох боломжийг бид үгүйсгэхгүй” гэж Путин өчигдөр хэлжээ.
Шинэ пуужин нь одоогоор цөмийн цэнэгт хошуугүй ч нэг цэгт хэд хэдэн удаа довтолбол цөмийн зэвсгийн хэмжээний цохилт өгч чадахыг тэр тайлбарласан байна.
“Кинетик цохилтын хүч нь маш өндөр, харьцуулбал солирын уналт шиг. Солир хаана унаж, ямар үр дагавар учруулсныг бид түүхээс мэднэ. Үүний үр дүнд бүхэл бүтэн нуур шинээр үүссэн тохиолдол ч бий” гэж Путин ярьжээ.
Киев хот нь Украины бусад хотуудаас илүү өндөр хамгаалалттай байдаг.
Бараг гурван жил үргэлжилж буй дайны хугацаанд Киев хотын төв хэсэг цөөхөн удаа агаарын цохилтод өртөж байв.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк өчигдөр Путиний ярьсныг няцаажээ.
“Путин цэрэг дайны холбогдолтой зүйлсийг сайн мэдэхгүй. Пуужин яаж нисэж байгаа, хэн ч зогсоож чадахгүй байгаа тухай хүмүүсийн үзүүлсэн хүүхэлдэйн кинонд л итгэдэг хүн. Тэр Кинжал пуужингийнхаа талаар нэг ижил зүйлийг олон удаа давтан ярьж байсан. Гэтэл Patriot агаараас хамгаалах системийн хамгийн сүүлийн биш, дундаж загвар түүнийг нь амархан унагасны дараа тэр дахин ярихаа больсон” гэж тэр ярьсан байна.
Подоляк бас Орешник гэдэг шинэ пуужин байхгүй, энэ нь Оросын одоогийн тив алгасагч баллистик пуужингийн бага зэрэг өөрчилсөн хувилбар болохыг тайлбарлажээ.
“Тэр хүн зүгээр л хийсвэр нэр гаргаж ирсэн” гэж тэр хэлсэн юм.
Гэсэн хэдий ч Украины эрх баригчид Оросын агаарын довтолгооноос болгоомжилж, парламентын чуулганаа өнгөрсөн Баасан гарагаас эхлэн зогсоогоод байгаа.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотооддоо Орешник пуужингийн цохилтыг ялалт, асар том дэвшил гэх зэргээр сурталчилж байна. Бүр зарим эцэг эхчүүд шинээр мэндэлсэн хүүхдэдээ “Орешник” гэх нэр өгөх болжээ.
Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Путин бас АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампын талаар таатай үгс хэлсэн байна.
Тэрбээр Трампыг “ухаалаг” хэмээн магтаж, амь насанд нь халдах оролдлого дахин гарахаас болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.
“Миний бодлоор тэр одоо ч аюултай нөхцөлд байна. Харамсалтай нь АНУ-ын түүхэнд янз бүрийн хэрэг явдал гарсаар ирсэн. Тэр ухаалаг хүн тул энэ аюулыг ойлгож, сэргийлж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Путин хэлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!