Индэр    
4 минутын өмнө
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

Өсвөр үеийнхэн "ногоон" мэргэжлийг сонгож байна

зураг
 

Хөгжилдөнгөө суралцах арга барил

"Байгалийн шивнээ" булан энэ удаа өсвөр үеийнхний дунд юу шивнэснийг хүргэж байна.

Өсвөр үеийн 100 гаруй төлөөлөл "Ямаатын хөндийн хайр ба шунал" радио драм сонсож, "ногоон" мэргэжилтэй "хобби"-гоо ажил болгосон ахмад үетэйгээ уулзаж сэтгэл хангалуун тал өдрийг өнгөрөөв.

Тодруулбал 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв(ЦУНБХТ)-д "Бидний мэргэжил - Ногоон ирээдүй" нээлттэй өдөрлөг Ногоон Монголын төлөө (НМТ) кампанит ажлын хүрээнд GIZ SPACES II төслийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсан нь энэ юм.

Тус арга хэмжээ нь залуучуудын байгаль орчны мэдлэгийг тэлэх, цаашлаад тэдэнд байгалийн шинжлэх ухаан, байгаль хамгаалах чиглэлээр суралцах сэдэл өгөх зорилготой.

Хүрэлцэн ирсэн хүүхэд залуус байгаль орчны асуудлыг хөндсөн радио жүжгийг сонирхож, гол дүрүүд болох Гарьд, Сувд, Ганаа нарын тухай илүү ихийг мэдэх хүслээ илэрхийлээд амжив.

зураг
 

Тэд мөн драмын зохиолыг бичиж найруулсан уран бүтээлч Н.Бэлэгсайхантай уулзаж, тэр ч бүү хэл найруулагч маань өөрийн хит болоод байгаа дуугаа өргөсөн нь хүүхдүүдэд яахын аргагүй гэнэтийн бэлэг болж чадлаа.

Энэ үеэр GIZ SPACES II төслийн мэргэжилтэн, доктор Торстен Хардер өөрийн биологич мэргэжлийг сонгосон хүүхэд насны түүхээ ярьсныг хүүхдүүд чих тавин сонсоцгоосон. Үүний сацуу гар утасны "Байгаль" аппликэйшнийг танилцуулахад хүүхдүүд программыг татаж аван шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах өөрсдийн судалгаагаа эхлүүлнэ гэцгээв.

зураг
 

Түүнчлэн МУИС-ийн Экологийн Боловсролын Төвийн залуу мэргэжилтэн А.Сундуй модны нууцлаг амьдралыг сонирхол татам хүүрнэж, хүүхдүүдийн мэдлэгийг нэмэхийн хажуугаар биологийн мэргэжил сонгох болсон шалтгаанаа царцаанаас үүдэлтэй тухайгаа ярьсан нь хүүхдүүдийг хөгжөөж чадсан.

Арга хэмжээний үеэр хүүхдүүд бүлэг болон хуваагдаж сонссон түүхээсээ нэг сэдвийг сонгон авч танилцуулга бэлтгэсэн нь тэдэнд байгаль хамгаалах үйлсэд цаашид гар бие оролцох урам зориг өгснийг онцолцгоосон. Тухайлбал нэг бүлэг өөрсдийн сонгосон түүхийг зөвхөн биеийн хэлээр өгүүлсэн нь танилцуулгын онцлох зүйл байлаа.

Тус арга хэмжээ нь зөвхөн хүүхэд залуучуудад төдийгүй ЦУНБХТ-ийн зохион байгуулагчид болон НМТ аяны идэвхтэн гишүүдийн хувьд ч үнэхээр хөгжилтэй бас мэдлэг нэмсэн үйл ажиллагаа болж чадсан юм.

зураг