Индэр    
2025 оны 11 сарын 27
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

Уур амьсгалын өөрчлөлтийн подкаст: Хүлэмжийн дараа

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Байгалийн шивнээ” энэ удаа Хүлэмжийн дараа: уур амьсгалын өөрчлөлтийн подкастыг онцолж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Уур амьсгалын үйлчилгээний системээр дамжуулан гаргасан Монгол Улсын 2024 оны уур амьсгалын жилийн тоймоос эшлэхэд Монгол орны жилийн дундаж агаарын температур 2024 онд Цельсийн 1.9 градус байсан ба үүнийг 1961-1990 оны 30 жилийн дундажтай харьцуулахад 2.5 градусаар дулаан байжээ. Мөн 2024 он нь 1940 оноос хойших бүх жилүүдээс дунджаараа хоёр дахь дулаан жил болж өнгөрөв.

Зөвхөн агаарын температурын удаан хугацааны өөрчлөлтөөс гадна өөр олон үзүүлэлтээр уур амьсгалын өөрчлөлт нь Монгол орны экологийн тэнцвэр алдагдах буюу цөлжилт эрчимжих, ус, бэлчээр, ойн нөөц хомсдох, байгалийн олон зүйл байдал алдагдах буюу ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, ган, зуд, шуурга, үер, түймэр гэх мэт байгалийн гамшгийн давтамж болон хүч ихсэх зэргийн шалтгаан болж иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх олон эрсдэл үүсгэх болон үүссэн эрсдэлийг ихэсгэж байна.

Хүлэмжийн дараа /Beyond the Greenhouse/ подкаст нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай судалгаан дээр суурилсан эх сурвалжтай мэдээллийг түгээж, нийтэд түгсэн ташаа ойлголт байвал бууруулах; Монголчууд бидний өнгөрсөнд хийсэн болон одоо хийх үйлдлүүдээс хамаарч гарах боломжит ирээдүйн төсөөлөл, хувилбаруудыг гаргаж ярилцах; уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтоо нэгтгэж, илүү дээр ирээдүйг олуулаа авчрах мэдлэгийн суурийг тавих зорилготой.

Тус арван ангит, хорин экспертийн ярилцлага бүхий подкастын төслийг Германы Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Ногоон цэг уур амьсгал НҮТББ болон активист А.Сайнсанаа хамтран хэрэгжүүлж байна.

Подкастын анги бүр судалгаа, асуудал, шийдэл гэсэн үндсэн гурван хэсэгтэй ба шийдэл нь дотроо арга зам, боломж, сэдэл гэсэн гурван дэд хэсэгтэй. Судалгаа хэсгээр тухайн сэдэв/салбарын ерөнхий зураглалыг хураангуйлан дүрсэлнэ. Дараа нь энэ зураглалаас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг нь ялгаж тодруулна. Үүний дараа шийдэл хэсэгт дээрх асуудлуудад тохирч болох арга замуудыг танилцуулна, тэгээд энэ арга замуудын аль нь ямар боломжтой байгааг ярилцаж, сүүлд нь энэ боломжуудыг ашиглах нь бидэнд ямар ач холбогдолтойг сэдэл хэсэгт дүгнэнэ.

Мөн подкастын үндсэн ангиудын сэдвүүдийг илүү өргөнөөр, мэргэжлийн түвшинд, тал талаас нь хэлэлцэх зорилгоор холбогдох салбаруудын экспертүүдийг “Экспертийн өнцөг” ярилцлагын буланд зочноор урьж уур амьсгалын өөрчлөлттэй хамааралтай асуудал, шийдлийн талаарх байр суурийг нь ярилцлага хэлбэрээр хүргэж байгаа юм.

Подкастын талаар дэлгэрэнгүй мэдээллийг, үзэх холбоосыг дараах вебсайтуудаас аваарай.

Уур амьсгалын өөрчлөлт бидний төсөөлснөөс илүү хурдацтай явагдаж, нөлөөлөл нь өдөр ирэх тусам огцом нэмэгдэж буй энэ цаг үед таныг ойлголтоо нэмэгдүүлж, мэдлэгээ өргөжүүлэхийг хүсэж байна.