Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-өөс өнөөдөр хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт орон даяар албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Уг вакцины худалдан авалт, нийлүүлэлтийг НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцаж байгаа ба вакцины тун тус бүрийг хамгийн өндөр чанарын шаардлага, горимд нийлүүлсэн гэдгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов. Монгол Улсад хэрэглэх вакцин нь АНУ-ын Merk Sharp үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 0.5 мл тунгаар савлагдсан юм байна.
ХСҮТ-ийн захирал доктор Н.Эрдэнэхүү "Уг вакцин нь зургаан төрлийн хавдраас сэргийлэх боломжтой. Монгол Улсад сүүлийн 20 жилд умайн хүзүүний хавдрын өвчлөл буураагүй. Жилдээ 400-500 орчим шинэ халдвар бүртгэгдэж байгаагаас 160-200 орчим нь нас барж байна. Одоогоор манай улсад нийт 4,700 орчим эмэгтэйчүүд уг хавдраар өвчилж эмчилгээгээ хийлгээд явж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан 90 70 90 зарчмын үндсэн дээр бид 90 хувийн вакцинжилтыг хийлгэж чадвал цаашлаад уг өвчлөлийг байхгүй болгож чадна. Вакцинжуулалтаа нэмбэл ирээдүй хойч үе уг өвчнөөр өвдөхгүй болно.
Манай улс умайн хүзүүний хавдрын тохиолдлоороо Азийн орнуудаас хоёр дахин, дэлхийн дунджаас 1.3 дахин их байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!