Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн төсөв-2025” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдал, энэ оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, 2025 оны төсвийн төслийг танилцуулсан юм.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь
Түүнчлэн Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийг хөгжүүлэх, нийтийн тээврийн бодлогын цогц шинэчлэлийг хийх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасныг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
Тодруулбал ОНХС, И-Монголиа гар утасны аппликэйшн болон цахим хуудсаар нийт 916,887 төсөл, арга хэмжээний санал хүлээн авсны дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, камер болон гэрэлтүүлэг суурилуулах, авто зам, явган хүний зам засварлах, шинэчлэх, худаг, усан сан бий болгох, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, гадна талбайн тохижилтын төслүүд байжээ.
Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудаас гадна есөн дүүргийн иргэдийн 400 орчим төлөөлөл оролцож, асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны байрны гадна дулаалга, дээвэр, лифт засвар, арчилгаа хийх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг нэмэгдүүлэх, Яармагийн бүс дэх инженерийн шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах, дүүрэг хороод дахь удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих зэрэг саналыг иргэд хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар тэргүүтэй харьяа байгууллагуудын удирдлага иргэдийн асуултад хариулж, нийслэлийн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжилна гэв.
Нэмэлт санал хүсэлтийг ulaanbaatar.mn цахим сайтаар авч, иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд тусгахаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!