Уншиж байна ...

Газар дор нуугдсан хууль бус алт олборлогчдоо ӨАБНУ “утаж” гаргахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) эрх баригчид хууль бус алт олборлогчидтойгоо хатуу аргаар тэмцэх шийдвэр гаргажээ.

Тус улсын баруун хойд бүсийн Стилфонтейн хаагдсан уурхайн газар доорх хонгилд 4,000 орчим хууль бус алт олборлогч нуугдаад сар орчим хугацаа өнгөрөөд байгаа юм.

Тэдний зарим нь хөрш Лесото, Мозамбик зэрэг улсуудаас визгүй ирсэн цагаачид байгаа ажээ. Хууль бус уурхайчдыг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээр хангах зах зээл үүссэн байдаг.

Эрх баригчид тэднийг газар доороос гаргах гэж оролдоод чадахгүй байгаа.

Тиймээс тэдний ус, хоол хүнсний хангамжийг тасалж, албадан гаргахаар болжээ.

“Бид тэднийг нүхнээс нь утаж гаргах болно. Бид гэмт хэрэгтнүүдэд туслахгүй. Тэднийг албадах болно” гэж ӨАБНУ-ын хууль зүйн сайд Хумбудзо Нтшавхени анхааруулсан байна.

Алт олборлогчдын зарим нь зэвсэглэсэн байж болзошгүй тул цагдаа нар уурхайн гүн рүү орохоос болгоомжилж байгаа ажээ.

Орон нутгийн иргэд уурхайн нүх рүү олсоор эд зүйлс оруулдаг юм байна.

Энэ хангамжийн замыг хааснаар хууль бус уурхайчид гарч ирэх ёстой гэж эрх баригчид үзэж байгаа ажээ.

Уг арга хэмжээ үр дүнгээ өгч, Лхагва гарагт таван уурхайчин олсноос зүүгдэн гарч ирсэн гэнэ.

Ядарч туйлдсан тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсний дараа цагдаа нар саатуулахаар авч явсан байна.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд нийтдээ 1,000 орчим уурхайчин газар доороос гарч ирээд баривчлагджээ.

ӨАБНУ-ын хүний эрхийн үндэсний хороо хууль бус уурхайчдыг албадан баривчлахдаа цагдаа хүчнийхэн хууль ёсны дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгахаар болсон байна.

 

Эх сурвалж: BBC