Уншиж байна ...

2018-2023 онд шүүхээс зохиогчийн эрхтэй холбоотой нийт 6 хэрэгт ₮129.8 сая нэхэмжилж ₮63.7 саяыг төлүүлжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас өнөөдөр “Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн (MOSCAP) Хуулийн зөвлөх Ц.Азбаяр "Манайд хууль байдаг боловч түүнийг хэрэгжүүлэх тогтоол, дүрэм журам, стандарт зэрэг нарийвчилсан зохицуулалтууд нь хангалттай биш байна. Үүнтэй холбоотойгоор хяналт үнэлгээ, хариуцлагын систем нь байхгүй байгаа учраас оюуны өмчийн хулгайн асуудал маш их гарч байна. Олон улсын жишгээр бол зохиогч нарын нийт уран бүтээлийн орлогын 60 орчим хувь нь цахим орчноос бүрддэг.

Манайд энэ жишиг бүрдэж чадаагүй байгаагийн нэг жишээ нь караоке байна. Караокены үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй болгосноос заавал хамтын ажиллагааны байгууллагуудтай гэрээ байгуулдаг, зөвшөөрөл авдаг харилцаа алдагдсан" гэв. 

Монголын оюуны өмч хамгаалах холбооны Гүйцэтгэх захирал У.Тамир дараах тоо баримтуудыг онцлов. 

Оюуны өмчийн газарт

  • 2017-2020 онд жилдээ зохиогчийн эрхтэй холбоотой 50-100 гомдол авдаг байснаас 5-10 нь өргөн нэвтрүүлэгтэй холбоотой гомдол байсан. Үүнээс дөрвөн гомдолд торгуулийн хариуцлага тооцжээ. 
  • 2021-2022 онд жилдээ 75 гомдол ирснээс 41 өргөн нэвтрүүлэг болон цахимтай холбоотой гомдлууд байжээ. Үүнээс 25 гомдолд торгуулийн хариуцлага тооцжээ. 

Үүнээс харахад Оюуны өмчийн газарт ирж байгаа гомдлын 50 орчим хувьд нь захиргааны хариуцлага тооцогдож байна гэдгийг тэрбээр онцлов. 

  • 2018 оноос эхлэн телевизүүдийн эфирт 24 цаг мониторинг хийдэг болсноос хойш нийт 658 зөрчил бүртгэгдсэн ба илрүүлсэн зөрчлийн тоо жил ирэх тусам буурч байгаа аж.Үүнээс өмнө телевизүүд маш их хулгайн кино гаргадаг байсан гэв. 
  • Оюуны өмчийн газраас 2019-2020 онд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар 6 телевизийг торгох, орон нутгийн 13 телевизийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авчээ.
  • Цахимд хаягласан 51 гомдолд холбогдуулан 51 вебсайтыг хаасан байна. 

2018-2023 онд зохиогчийн эрхтэй холбоотой нийт 6 хэргийг шүүхээр шийдүүлжээ. Үүнээс: 

  • Телевизэд хаягласан дөрвөн хэрэгт нийт 98.9 сая төгрөг нэхэмжилж 51.7 сая төгрөг төлүүлсэн.  
  • Цахимд хаягласан хоёр хэрэгт нийт 30.9 сая төгрөг нэхэмжилж 12 сая төгрөг төлүүлсэн байна. 

Хэргийн хариуцагч шүүх дээр ирээд хулгайгаар гаргаснаа шууд хүлээн зөвшөөрч хохирлоо багасгачих гэж хэлэлцсээр хохирлын хэмжээг бага төлүүлдэг байна.

Шүүх дээр зохиогчийн эрхтэй холбоотой хэрэгт нарийн зүйл рүү нь орсон шүүхийн мэтгэлцээн үүсэхгүй байна. Захиргааны арга хэмжээ тооцдог, хариуцагч олдохгүйгээс хэрэгсэхгүй болгодог, шүүхээс хохирлыг бууруулж шийдвэрлэж байгаа нь зөрчил гаргагчдад нөлөөлөл үзүүлдэггүй, хохирогч тал нь хохирлоо нөхөж авах боломжгүй зэргээс шалтгаалж зөрчлийг шийдвэрлэх ажиллагаа цаг хугацаа, үр дүнгийн хувьд ач холбогдолгүй байна гэдгийг тэрбээр онцоллоо.