Мохос хараа гэж болох, мохос хараа үүсэхээс хэрхэн сэргийлэх, бага насны хүүхдийг нүдний эмчид хэдэн наснаас нь өмнө үзүүлж хянуулсан байх тухай Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар амбулаторийн нүдний эмч Р.Должинсүрэн зөвлөлөө.
Тэрбээр "Хүүхдийн нүдний хараа огцом муудах үед болон зургаан наснаас нь өмнө нүдний эмчид үзүүлж зөвлөгөө авсан байх ёстой. Зургаан наснаас хойш хүүхдийн нүд эмчлэгдэх магадлал 40% буурсан байдаг.
Орчин үед хүүхдүүд өдөр шөнөгүй утас, дэлгэц харж байгаагаас нүдний хараа маш их муудаж байна. Тиймээс зургаан наснаас нь өмнө эмчид үзүүлж, харааны шил зүүх, дасгалуудыг хийж хэвших нь тустай.
Бага наснаас нь өмнө хүүхдийн нүдний харааг үзүүлээгүйгээс хоёр нүдний хараа өөр байх, мохос хараа үүсэх эмгэг үүсдэг. Мохос хараа үүссэн тохиолдолд нэг нүднээсээ нөгөө нүдний хараа хоцрогдсон байдаг.
Хүний хоёр нүдний хараа ижил байх ёстой. Мохос хараа гэдэг нь нэг нүдний хараа нөгөөгийнхөөсөө хоцрогдсоныг хэлдэг. Энэ тохиолдолд нэг нүдний хараа сэргэх магадлал бага. Мохос хараа үүссэн үед харааны шил бараг таарахгүй. Хэрэв хүүхдэд мохос хараа үүссэн бол муу нүдээр нь харуулж, сайн хараатай нүдийг хаалт хийх эмчилгээг хийсний дараа харааны шил тасралтгүй зүүлгэх шаардлагатай юм.
Дутуу төрсөн хүүхдүүдэд харааны эмгэг үүсдэг. Тиймээс төрсний дараах хүүхдийн скрининг шинжилгээг нэвтрүүлсэн учир төрөнгүүт нь хүүхдийн нүдийг үзүүлэх боломжтой.
Мөн нүдний хялраас хараа муудалт их үүсдэг" гэв.
Бага насны хүүхдэд 1 цагаас илүү гар утас хэрэглүүлэхгүй байх, 22:00 цагаас хойш хэвтэж утас үзэх, ном уншихгүй байх, телевизор, компьютерыг 1.5-2 метрийн зайнаас хэвтэхгүйгээр үзэж, харж байхыг зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!