Уншиж байна ...

Эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн Куба улсад далайн хар салхи, дараалсан газар хөдлөлт тохиожээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эдийн засаг, эрчим хүчний гүн хямралд нэрвэгдээд буй Куба улсыг байгалийн гамшиг дараалан дайрчээ.

Ням гарагт тус улсын өмнөд нутагт хоёр удаа хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын геологийн байгууллага мэдээлсэн байна.

Үүний өмнө Лхагва гарагт Рафаэл нэртэй гуравдугаар ангиллын далайн хар салхи Куба арлыг дайрахад орон даяар цахилгаан эрчим хүч тасалдаж байжээ.

Ням гарагийн өглөө 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Куба улсын өмнөд бүсийн Гранма мужийн нутагт бүртгэгдсэнийг АНУ-ын геологийн судалгааны хүрээлэн эхлээд мэдээлсэн юм.

Үүнээс хойш нэг цагийн дараа тус мужийн Бартоломе Масо эргээс 40 км зайд, далайн 23.5 км-ийн гүнд 6.8 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт бүртгэгджээ.

Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Куба арлыг далайн хар салхи хоёр удаа дайрахад эрчим хүчний систем нь хоёр удаа бүхэлдээ тасалдаж байв.

Өнгөрсөн долоо хоногт Рафаэл хар салхи дайрсны дараа хоёр хоног цахилгаан хангамж тасрахад тодорхойгүй тооны иргэд эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлж, зарим нь баривчлагдсан тухай мэдээ ирж байна.

Гол ивээн тэтгэгч нь байсан Зөвлөлт Холбоот Улс задарсан 1991 оноос хойш Кубад ийм гүнзгий хямрал тохиолдож байгаагүй гэж ажиглагчид үзэж байгаа.

Кубын төрийн төв хэвлэл Гранма сонин Ням гарагийн газар хөдлөлтийн улмаас хүний амь хохироогүй ч чичиргээ нь арлын зүүн болон төв хэсэгт мэдрэгдсэн тухай мэдээлжээ.

Кубын ерөнхийлөгч Мигуэл Диаз-Канел “нийгмийн дэг журмыг алдагдуулах гэсэн ямар ч оролдлого”-ыг тэвчихгүй гэдгээ анхааруулаад байна.

Ням гарагийн газар хөдлөлтийн дараа нийслэл Хавана хотын 85 хувийн цахилгаан хангамж сэргэсэн ч гамшигт хамгийн их нэрвэгдсэн Артемиса, Пинар дел Рио мужууд харанхуй хэвээр байжээ.

 

Эх сурвалж: AFP