Уншиж байна ...

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн зүүн урд талын хаалгыг түгжихээр шийджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн/ҮЦХ/ зүүн урд хэсэгт "Чухаг" орон сууцны хороолол руу гаргасан явган хаалгыг хаахаар шийдвэрлэжээ.

Уг хаалгаар адуу малаа оруулж хүрээлэнгийн мод ногоон байгууламжийг сүйтгэх, явган хүний зам талбайд малын баас хомоол ихсэх, мөн шашны зан үйл үйлдэж сүү цагаа, хүнсний зүйл талбайд өргөх зэргээс үүдэн олон нийтээс гомдол их ирсэн байна.

Энэ асуудлаар "Чухаг" 2 СӨХ-д шаардлага хүргүүлж, хамтарч ажиллахыг хүссэн боловч арга хэмжээ аваагүй тул уг шийдвэрт хүрсэн болохыг тус хүрээлэнгээс мэдээллээ.

"Хүрээлэнгийн хашаанд адуу орж ирсэн тохиолдолд хашна. Эзэн нь малаа авахдаа торгууль төлж, хариуцлага хүлээх зохицуулалттай болох НИТХ-ын тогтоол гарсан" тухай өмнө нь мэдээлж байсан юм. Ингэснээр иргэд адуу, малаа суурьшлын бүс рүү оруулахгүй байх арга хэмжээг авна гэж үзжээ.

Тус хүрээлэнгийн талбай дээр 32 зүйлийн 148,000 ширхэг мод сөөг 98.5 хувийн амьдралтай ургадаг. 

Дулааны улиралд өдөрт дунджаар 12-15 мянган хүн, хүйтний улиралд 6-9 мянган  хүн зочилдог бөгөөд тус байгууллагын 113 ажилтан модны үрсэлгээ бэлдэх, ногоон байгууламжийн орчны цэвэрлэгээ хийх, ногоон байгууламжийн арчилгааны дараах ажлуудыг тогтмол гүйцэтгэдэг байна.