Уншиж байна ...
Зураг
Зураг

Трампыг сонгуульд ялсны дараа Канад улс хилийнхээ хамгаалалтыг чангатгаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Канад улсын эрх баригчид АНУ-тай залгаа хилийнхээ харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээ зарлажээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялахаасаа өмнө Дональд Трамп хууль бус цагаачдыг тус улсаас албадан гаргах түүхэнд байгаагүй том ажиллагааг эхлүүлэхээ амлаж байсан юм.

2017-2021 оны Трампын өмнөх засаг захиргааны үед АНУ-д оршин суух эрхээ цуцлуулсан олон арван мянган цагаач Канадад дүрвэн ирж байжээ.

“Бид өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Бид бүгд хил дээр юу болохыг анхааралтай ажиглаж байгаа. Учир нь цагаачлалын асуудлаарх Трампын байр суурь Канад руу чиглэсэн хууль бус цагаачлалыг өсгөж болзошгүй гэж бид үзэж байна” гэж Канадын цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч, түрүүч Чарльз Пуарье мэдэгдсэн юм.

Баасан гарагт Оттава хотод Канадын засгийн газрын шадар сайд Кристиа Фриландаар ахлуулсан сайд нар Трампын засаг захиргааны үед үүсэж болзошгүй хурцадмал асуудлыг шийдвэрлэх асуудлаар хуралджээ.

Хурлын дараа Фриланд “Бидэнд төлөвлөгөө бий. Манай хил хязгаар аюулгүй, бидний хяналтад байдгийг Канадчууд мэдвэл зохино” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард Канад улсын засгийн газар нийгмийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх зорилгоор ойрын жилүүдэд гадаадаас авах цагаачдын тоогоо эрс бууруулах шийдвэр гаргасан юм.

Мягмар гарагийн сонгуульд Трампыг ялсны дараа Канад руу нүүх талаар Америкчуудын мэдээллийн онлайн хайлт арав дахин өссөн байна.

Тухайлбал Google Trends системд “Канад руу цагаачлах”, “Канадын цагаачлалын үйл ажиллагаа”, “Канад руу хэрхэн нүүх вэ” зэрэг түлхүүр үгсийн эрэлт нэмэгдсэн нь харагджээ.

Канад, АНУ хоорондоо 8,891 км урт хуурай газраар хил залгадаг нь дэлхий дээр хамгийн урт харуул хамгаалалтгүй хилд тооцогддог.

Тэгвэл ойрын өдрүүдэд Канадын тал уг хилийнхээ шугамыг камер, мэдрэгч, дронуудаар нэмж тоноглохоор болжээ. Мөн АНУ-ын талтай мэдээлэл түргэн солилцох системийг байгуулсан байна.

 

Эх сурвалж: Reuters