Уншиж байна ...
Зураг
Зураг

Трамп сонгуульд ялсны дараа хар арьст Америкчуудад доромжилсон утгатай зурвас иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампыг сонгуульд ялснаас хойш хэдхэн цагийн дараа АНУ даяар хар арьст иргэдийн гар утсанд доромжилсон утгатай зурвас ирснийг Холбооны Мөрдөх Товчоо шалгах эхэлжээ.

Уг зурваст хүлээн авагчийг “хөвөн түүх ажилд шалгарсан” тул “өөрт ойр байгаа тариалангийн газар”-т очиж бүртгүүлэх шаардлагатайг мэдэгдсэн байна.

Зурвасын төгсгөлд илгээгч нь “Трампыг дэмжигч” гэж нэрээ бичсэн байжээ.

Зурвасууд янз бүрийн хувилбартай байсан ч ерөнхий санаа нь ижил, бүр зарим хүлээн авагчид нэрээр нь хандсан байна.

Нууцлаг зурвасыг Алабама, Өмнөд Каролина, Жоржиа, Нью-Йорк, Нью-Жерси, Невада мужууд, Вашингтон ДС орчмын хар арьст иргэд хүлээн авсан байна.

“Манай орон даяар оршин суудаг иргэдэд ийм өдөөн хатгасан, арьс өнгөний үзэлтэй мессэж ирснийг бид анхааралдаа авч, хууль зүйн яам болон холбооны засгийн газрын бусад холбогдох албадтай холбоотой ажиллаж байна” гэж Холбооны Мөрдөх Товчоо мэдэгджээ.

NAACP (Өнгөт Арьстнуудын Хөгжлийн Үндэсний Холбоо) хүний эрхийн байгууллагаас дээрх зурвастай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.

“Арьс өнгөөр ялгаварлах үзэн ядалтыг өөгшүүлж байсан түүхтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдсон харамсалтай үйл явдал бидний нүдний өмнө өрнөж байна. Мягмар гарагийн сонгуулийн үр дүн арьс өнгөөр ялгаварлагч бүлгүүдийг зоригжуулж, тэдний жигшүүрт үг хэллэг, үйлдэл орон даяар нэмэгдэх нөхцөл болсныг эндээс харж болохоор байна” гэж тус байгууллагын ерөнхийлөгч Деррик Жонсон мэдэгджээ.

Трампын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз “Хэрвээ бид энэ мессэжийн эх сурвалжийг олж чадвал шүүхэд өгөх болно. Ерөнхийлөгч Трамп янз бүрийн үндэс угсаа, гарал үүсэлтэй сонгогчдын өргөн хүрээний дэмжлэгийг авч чадсан. Тиймээс ч тэр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, эрүүл саруул өөрчлөлтийг эхлүүлэх эрхээ аваад байна. Түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацааны ажлын үр дүнг манай улсын бүх иргэд ижил тэгш хүртэх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters