Уншиж байна ...

"Баянзүрх, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт хүүхэд коридорт хэвтэх тохиолдол гарч байгаа ч өдөрт нь тасагт шилжүүлж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеэр нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг. Иймд өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд болон дэгдэлтийн үед ямар арга хэмжээ хэрэгжүүлэх, орны ачааллыг хэрхэн шийдэхээр төлөвлөж буйгаа Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-аас өнөөдөр танилцуулсан юм.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д.Батцоож "Томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийнхэн 80-аас илүү хувьтай хамрагдаад байна.

Хэвийн нөхцөлд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн нийт 759 ор ажилладаг. Харин томуугийн идэвхжлээс хамаарч дэгдэлтийн үед орны тоог нэмэгдүүлж, 1,500 ор ажиллуулахаар төлөвлөсөн. Одоогоор томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээг 995 орон дээр үзүүлж байна. Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн есөн байгууллагад хүүхдийн тусламж үйлчилгээний 181 ор ажиллуулж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлтэд онцгойлон анхаарч байна.

Ингэхдээ

  • 103-аар дуудлага авсан хүүхэд,
  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхэд,
  • амбулаторид үзүүлээд буцсан зэрэг хүүхдэд гэрийн эргэлтийг идэвхтэй хийж буй юм.

Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв(НТТТ)-д хэвийн үед хүүхдийн дуудлага хүлээж авах таван шугам ажилладаг бол одоогоор найман шугамаар өдөртөө 400 орчим дуудлага хүлээн авч байгаа. Өнгөрсөн долоо хоногт НТТТ 10,500 дуудлага авснаас томуу томуу төст өвчлөлтэй холбоотой нь 12.5 хувийг эзэлсэн" гэх мэдээллийг өглөө.

Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр хүүхдүүд коридорт хэвтэн эмчлүүлж буй зураг нийтлэгдсэн. Энэ талаар НЭМГ-ын хэлтсийн дарга Д.Батцоожоос тодруулахад "Тухайн зураг нь хоёр жилийн өмнөх зураг байсан. Түүнээс хойш тухайн эрүүл мэндийн байгууллага засвар хийж, өнгө төрх нь шинэчлэгдсэн байгаа.

Гэхдээ Баянзүрх, Сонгинохайрханы нэгдсэн эмнэлэгт орны хүрэлцээ нь багтаамжаасаа илүү гарсан. Зарим тохиолдолд коридорт хүүхэд хэвтэх тохиолдол байгаа ч тухайн хүүхдийг өдөрт нь тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байгаа.

Дэгдэлтийн үед нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1,500 ор ажиллана. Мөн ЭМЯ-ны харьяа эмнэлгүүд ч ор дэлгэснээр нийтдээ 2,200 орчим ор ажиллана" гэв.