Уншиж байна ...
Зураг
Зураг

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль түүхт 100 жилийн ойгоороо төрийн дээд Сүхбаатарын одон хүртэв

ikon.mn
2024 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жилийн ойн баярын хурал, “UFE Centennial” хүндэтгэлийн хүлээн авалт 2024 оны 11 сарын 01-нд боллоо.

Энэ онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Тус сургууль нь анх 1924 оны 6 дугаар сард Монгол улсын Сангийн яамны дэргэд "ГААЛИЙН ТҮР СУРГУУЛЬ" нэртэйгээр 2 багш, 40 суралцагчтай, 1 хичээлийн байртайгаар байгуулагдан бүртгэл, гаалийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бол өнөөдөр 300 гаруй багш ажилтантай, 50,000 гаруй төгсөгч, 8000 гаруй оюутантайгаар улс орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй өнөр хамт олон болжээ.

Тухайн үеийн Санхүү Эдийн Засгийн Техникум /одоогийн СЭЗИС/-ийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлэн 1944, 1946 онуудад Засгийн газрын “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”, 1949 онд “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР” тус тус шагнаж байжээ.

зураг
 

Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараах шинэ Монгол Улсын сэргээн хөгжүүлэх, нийгэм, эдийн засагт тулгарсан сорилт бэрхшээлийг даван туулахад шаардагдах мэргэжилтэй ажиллагсдыг бэлтгэн сургах үндэсний хэрэгцээ шаардлагаас үүдэн үүсгэн байгуулсан Гаалийн түр сургуулиас эхлэлтэй Санхүү эдийн засгийн их сургууль болон тус сургуулийн эрдэмтэн багш нар, төгсөгчид Монгол Улсын өнөөгийн хөгжил дэвшил, ололт амжилтыг цогцлоон бий болгоход оруулсан түүхэн гавьяаг үнэлэн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” хүртээв.

Тус их сургууль нь үндэсний хэмжээнд 4 удаа магадлан итгэмжлэгдсэн бол 2012 онд Монгол Улсын дээд боловсролын салбараас анх АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэл зөвлөл (ACBSP) -өөр магадлан итгэмжлэгдэж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгджээ. Мөн олон улсын мэргэжлийн холбоо, байгууллагуудаар өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, ACCA, CFA, CIMA зэрэг олон улсын зэргийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 

зураг
 
зураг
 

СЭЗИС нь 2022 оноос дэлхийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын эрэмбийг тогтоодог Times Higher Education байгууллагын их сургуулийн нийгмийн үр нөлөөний эрэмбэд Монгол Улсаас анх удаа багтаад байгаа нь тус сургууль дан ганц сургалт, эрдэм судлалын үйл ажиллагаа явуулахаас гадна нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлын шийдлийг олон талт түншлэлийн зарчимд тулгуурлан шийдэхэд манлайлан ажиллаж байгааг харуулж байна.

Хиймэл оюутан, технологийн дэвшлээс үүдэлтэйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй мэдээлэл, технологийн эрин зуунд Санхүү эдийн засгийн их сургуулийн эрдэмтэн багш судлаачид шинэ инновац, тэргүүн туршлагыг нутагшуулан, цахим, олон улсын жишигт нийцсэн энтрепренер их сургууль болон хөгжихөөр зорин ажиллаж байна.

Анх бүртгэл, гаалийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн сургууль өнөөдөр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж түүхэн он жилүүдэд улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, өндөр хариуцлагатай, шударга сэхээтнүүдийг олноор бэлтгэн гаргаж ирсэн бөгөөд үүний тод жишээ нь Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Думаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал зэрэг Монгол улсын ерөнхий сайд нар болон төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, соёл, спортын олон алдартнууд тус сургуулиас төрөн гарсан.

Фото: