Уншиж байна ...
Зураг
Зураг

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гал түймрийн дуудлага хамгийн олон бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 40 дуудлага бүртгэгджээ.

Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь ангилахад Баянзүрх 9, Сүхбаатар 4, Сонгинохайрхан 12, Хан-Уул 1, Баянгол 6, Чингэлтэй 4, Налайх 2, Багануурт нэг бүртгэгдсэн байна.

Онцгой байдлын алба хаагчид 29 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 608 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөв.

"Энэ оны эхний арван сард гал түймрийн улмаас 37 иргэн нас барсан харамсалтай явдал болсон. Галлаагүй удсан пийшин зуух, яндангийн битүүмжлэлийг гаргаагүйгээс дэлбэрч байна. Угаарын хий мэдрэгчийг айл бүр байршуулах ёстой. Энэ нь хүний амь насыг хамгаалах үүрэгтэй" гэж НОБГ-ын гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар зөвлөж байна.

Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна.

АНХААРУУЛГА: Энэхүү дохиолол нь танай гэр байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.

Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.

Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.