Хүний эрхшээлд байсан дэлхийн хамгийн том матар Австралийн амьтны хүрээлэнд үхжээ.
Кассиус нэртэй уг матар 5.5 метр урт биетэй, нэг тонн орчим жинтэй байсан юм.
Түүнийг хамгийн богинодоо 110 настай байсан гэж үздэг.
1980-аад оны үед Австралийн Умард Газар нутгаас барьсан давстай усны энэ аварга матрыг Күинслэндийн эргээс холгүй аралд тэжээж байжээ.
2011 онд Гиннесийн ном энэ амьтныг хүний эрхшээлд байгаа хамгийн том матар гэсэн тодорхойлолтоор бүртгэж байв.
Зэрлэг байгальд амьдардаг байхдаа Кассиус фермийн үхэр барьж иддэг, завь руу дайрдаг байсан гэдэг.
Кассиусыг тэжээж байсан Маринланд Меланесиа Крокодаил Хабитат хүрээлэн “Тэр маш өндөр насалж, зэрлэг байгаль дахь матруудаас урт насалсан гэж бид үзэж байна. Түүний амьдралын туршид зочилж, сайхан сэтгэл гаргаж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье” гэж мэдэгджээ.
Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Жорж Крэйг 1987 онд Кассиусыг худалдан авч, 37 жил хамт амьдарсан тухай Австралийн ABC телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!