Уншиж байна ...
Зураг
Зураг

Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толийн цахим хуудасны нээлт болов

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Монголбанк, Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байсан билээ. Тэгвэл энэ ажил бүрэн дуусаж, toli.mongolbank.mn цахим хуудсыг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд олон нийтийн хүртээл болголоо.

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой, СЭЗИС-ийн 100 жилийн ой, Үнэт цаасны хороо буюу одоогийн Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 30 жилийн ойг тус тус тохиолдуулан шинэчлэгдсэн тайлбар толь нь нийт 11 бүлэг, 3,700 орчим монгол, англи нэр томьёоны тайлбараас бүрдэх ба Монголбанк, СЗХ, СЭЗИС-ийн нийт 37 эрдэмтэн багш, судлаачид, салбарын мэргэжилтнүүд хамтран, зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. 

Нэр томьёоны тайлбар толь нь мэргэжлийн хэллэгүүдийн ойлголтын зөрүүг арилгаж, цаашид эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын баримт бичиг, гэрээ хэлцэл, сургалт, судалгаанд нэр томьёог нэг утгаар ойлгох, ашиглах боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой юм. 

Тайлбар толь бичгийн онцлог: 

  • Нийт 11 бүлгийн 3,700 орчим монгол, англи нэр томьёо, түүний тайлбарыг багтаасан, 
  • Хэзээ ч, хаанаас ч цахим хэлбэрээр хандах боломжийг бүрдүүлсэн,
  • Шинэ үг нэмэх, үгийн орчуулга, тайлбарт санал өгөх, зах зээлд ашиглагдах нэр томьёог шинээр нэмж оруулах боломжтой. 

Нээлтээ хийж буй цахим толийг "Санхүүгийн боловсрол" аппликэйшн дээр тусгай хэсэг болгон нэмэх ба хэвлэмэл ном хэлбэрээр тун удахгүй олон нийтийн хүртээл болгоно.

Ташрамд сонирхуулахад, уг тайлбар толь бичгийг Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд Монголбанкны Хяналт шалгалтын газраас санаачлан дөрвөн бүлгийн 1,300 орчим үгтэйгээр 2015 онд анхлан гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Монголбанк