Уншиж байна ...

Украинд ялалт байгуулах хүртэл нь Оросын талд зогсохоо Умард Солонгос амлав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Украинд ялалт байгуулах хүртэл нь Оросын талд тууштай зогсохоо Умард Солонгосын гадаад хэргийн сайд өчигдөр мэдэгджээ.

“Бид ялалтын өдөр хүртэл Орос нөхдийнхөө талд тууштай зогсох болно” гэж тус улсын гадаад хэргийн сайд Чо Сон Хуй өчигдөр Москва хотод ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.

Тэрбээр бас ерөнхийлөгч Владимир Путиний “мэргэн жолоодлого”-д огт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж, гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг “ариун тэмцэл” гэж нэрлэжээ.

Чо сайд мөн Умард Солонгос улс цөмийн зэвсгийн хүчин чадлаа улам өргөжүүлэх зорилготой байгааг энэ үеэр мэдэгдсэн байна.

Умард Солонгосын цэргүүд Оросын нутагт ирсэн гэдэг мэдээллийг хоёр улсын аль аль нь шууд няцаахгүй байгаа.

Чо, Лавров нарын уулзалтын дараах мэдэгдэлд энэ тухай огт дурдаагүй байна.

Лавров хэлсэн үгэндээ хоёр улсын зэвсэгт хүчин хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам ойртон нягтарч байгааг сайшаасан юм.

“Энэ нь манай хоёр орны иргэдийн аюулгүй байдлыг хангах томоохон зорилтуудыг шийдвэрлэх боломж олгох юм” гэж Лавров хэлжээ.

Тэр бас Украины асуудлаарх Умард Солонгосын зарчмын байр суурьт Орос улс гүн талархаж байгааг илэрхийлсэн юм.

“Нөхөрсөг, илэн далангүй ярилцах боломжийг өнөөдрийн уулзалт олгосонд би үнэхээр талархаж байна” гэж Лавров сүүлд нь мэдэгджээ.

Өрнөдийн болон Украины тагнуулын албад Умард Солонгосын 10,000 гаруй цэрэг ОХУ-д ирэхээр болсныг баталж байгаа.

Үүний эхний хэсэг болох 3,000 орчим цэрэг бэлтгэл сургуулилалтаа дуусгаад Украинтай хил залгаа Курск мужийн нутагт ирсэн гэх мэдээлэл ч бас тараад байна.

Өчигдрийн мэдэгдэлдээ Чо бас Умард Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэзээ ч зогсоохгүйг амлаж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгасан гол буруутнаар Өрнөдийг нэрлэсэн юм.

“Манай улс цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрөөсөө ямар ч тохиолдолд татгалзахгүй гэдгийг би энд дахин баталж байна. АНУ болон түүний дагуул улсуудын заль мэхээс болж манай улсын аюулгүй байдал маш ноцтой түвшинд хүрээд байгаа. Солонгосын хойгийн нөхцөл байдал хэзээ ч тэсэрч мэдэх бөмбөг шиг болоод байна” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP