Уншиж байна ...

Б.Түшиг-Эрдэнэ: Найрамдал зуслан чиглэлийн зам засварын ажлыг өчигдөр зогсоосон

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн 16 километр авто замыг шинэчлэн, засварлах ажил энэ оны есдүгээр сард эхэлж байв. Уг замын найман километрийг засварласан бол хүйтэрсний улмаас үлдсэнийг нь хавар үргэлжлүүлэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Найрамдал зуслан чиглэлийн нийт 16 километр авто замаас дөрөв нь тус зуслан доторх зам. Энэхүү замын засвар, шинэчлэл хийгдсэн. Үлдсэн 12 километрээс дөрвөн километр буюу Буман-Өлзий хорооллын гүүрнээс иргэдийн нэрлэж заншсанаар Бор толгой хүртэлх замыг бүрэн засварлаж дуусгасан.

Харин Бор толгойгоос Найрамдал зуслан хүртэлх болон Буман-Өлзий хорооллын гүүрнээс Орбитын уулзвар хүртэлх хоёр хэсгийн нийт найман километр замыг сууриар нь солих шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл хуучин хөрсийг хуулж, шинээр суурь хөрс тавихдаа зуурмагийг 20 см тутамд усалж, нягтруулдаг технологиор хийх юм. Хүйтэрч, хасах хэмд чийгшүүлэлт хөлдөж, нягтрахгүй болсон тул ажлаа өчигдөр зогсоосон.

Уг найман километрийн нүхэн эвдрэл, заадсыг нөхөж, ухсан хэсгийг шороогоор дүүргэн тээврийн хэрэгсэл зорчиход аюулгүй болгож орхисон.

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс замын засвар, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж, наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Замын бүтээн байгуулалтын ажил нийтдээ 30%-д хүрсэн бөгөөд "Билэгт зам" компани гүйцэтгэж байгаа" гэв.

Найрамдал зуслангийн замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Тухайн үед замыг барихдаа хажуугийн бэлтгэл буюу хажууд нь байсан шороо, хайрга дайргаар суурийг тавьсан нь шавар болж эвдрэлд орсон тул найман километр хэсгийн замыг сууриар нь солих шаардлага үүссэн болохыг тэрбээр тайлбарласан юм.

Зам засварын ажилд нийслэлээс гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар болсныг өмнө нь мэдээлж байсан билээ.