Ливаны Хезболла зэвсэгт байгууллагын шинэ тэргүүн болсон Наим Кассем боломжийн нөхцөлөөр Израиль улстай гал зогсоох яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Гэхдээ одоогоор гал зогсоох ямар нэг санал Израилийн талаас ирээгүй байгааг бас хэлсэн байна.
Кассем дөнгөж өмнөх өдөр нь буюу Мягмар гарагт Ираны үнэнч холбоотон Хезболла зэвсэгт байгууллагын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон юм.
Тэрбээр Израильтай гал зогсоох тухай ярихдаа Газын зурваст дайн зогсоох нөхцөлийг тулгах талаар огт үг унагаагаагүй нь анхаарал татаж байна.
Кассемаас өмнө Хезболла энэ байр суурин дээр хатуу зогсож байсан юм.
Өөрөөр хэлбэл Палестины Хамасын эсрэг Газын зурваст явуулж буй дайнаа Израил улс зогсоогоогүй тохиолдолд Хезболла сөргөлдөөнөө бас зогсоохгүйг амлаж байлаа.
“Хэрвээ Израил улс эзлэн түрэмгийллээ зогсоохоор шийдвэл бид хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна. Гэхдээ бидэнд таалагдах тодорхой нөхцөлийн дагуу” гэж Кассем урьдчилан бэлдсэн видео мэдэгдэлдээ өгүүлжээ.
Энэ нь түүний Хезболлагийн тэргүүнээр томилогдсоноосоо хойш гаргасан анхны мэдэгдэл юм.
Гэхдээ Кассем “гал зогсоохыг Израилиас гуйхгүй” гэж давхар анхааруулсан байна.
Хезболла байгууллагыг 30 орчим жил удирдсан Хассан Насралла есдүгээр сарын 27-ны өдөр Израилийн агаарын цохилтод амь үрэгдсэн юм.
Энэхүү аллагын дараа Насраллаг залгамжлагч, залгамжлагчийн залгамжлагч болох магадлалтай гэгдэж байсан хүмүүсийг Израилийн арми дараалан устгаж байв.
Кассемын хувьд Насраллагийн албан ёсны залгамжлагчаар зарлагдсан анхны хүн юм.
Тэрбээр өчигдрийн мэдэгдэлдээ Хезболлагийн олон шилдэг удирдагчдыг Израилийн арми дараалан устгасан нь тус байгууллагын хувьд хүнд цохилт болсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэхдээ Кассем бас “Хохирлоо багасгахыг хүсэж байвал манай газар нутгаас гар. Хэрвээ гарахгүй бол Израил улс түүхэндээ байгаагүй их зовлонг амсах болно” гэж өмнөд хөршдөө анхааруулахаа мартсангүй.
Мөн Хезболла “хэдэн ч өдөр, хэдэн ч сар” үргэлжлүүлэн дайтах чадвартайг батлан илэрхийлсэн байна.
Кассемын мэдэгдэл гарахаас өмнө Израилийн эрх баригчид Ливаны өмнөд хэсэгт Хезболлатай гал зогсоох нөхцөлийг хэлэлцэж байгаа тухай мэдээ цацагдсан юм.
“Ийм хэлэлцүүлэг болох нь болсон. Гэхдээ үр дүнд хүрэхэд цаг хугацаа шаардлагатай гэж би бодож байна” гэж Израилийн эрчим хүчний сайд Эли Коэн сүүлд хэвлэлд ярьжээ.
Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнгөрсөн Мягмар гарагийн орой өөрийн танхимын сайдуудтай уулзахдаа 60 хоног гал зогсоохын тулд Израил улс ямар нөхцөл шаардлага тавьж болох талаар ярилцсан сурагтай байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тусгай элч Амос Хокстэйн, Ойрх Дорнодын асуудал хариуцсан зөвлөх Брэтт Макгурк нар Хезболлатай гал зогсоох асуудлаар Нетаньяху болон түүний сайдуудтай уулзахаар ирэх гэж буйг Израилийн хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!