"20 минутын хот" нэртэй ном өчигдөр хэвлэгдэн гарчээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төвийг иргэдэд ойрхон байгуулж, алхах боломжийг бүрдүүлснээр өвчлөл 40% буурсан гадаад улсын жишээг уг номд оруулсан гэнэ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Дэлхийн 100 гаруй улс 20 минутын хот зарчмаар хотоо хөгжүүлэх төлөвлөлтөд шилжиж байгаа. Бид өчигдөр "20 минутын хот" нэртэй номыг хэвлэлтээс авсан, олон нийтэд сурталчлах, таниулах ажил хийгдэнэ.
Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ажлын байр, соёлын төв рүүгээ 20 минутын дотор алхаад хүрдэг амралт, спорт, хүүхдийн тоглоомын талбай бүхий холимог орон сууцны хорооллыг 20 минутын хот гэж байгаа юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төвийг иргэдэд ойрхон байгуулж, алхах боломжийг бүрдүүлснээр өвчлөл 40% буурсан гадаад улсын жишээг "20 минутын хот" номд оруулсан.
Улаанбаатар хотод 1990 оноос өмнө төлөвлөгдсөн үйлдвэр, аж үйлдвэрийн бүсүүдийг суурьшлын бүс болгож, 20 минут зарчимд шилжүүлж, дахин төлөвлөх шаардлагатай зүй ёсоор тулгарч байгаа" гэв.
Түүнчлэн "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть орчимд Улаанбаатар хотын хоёр дахь том мөсөн ордныг байгуулж байгаа бөгөөд ААН-үүдэд нүүн шилжих хугацаатай даалгаврыг өгнө.
Туулын хурдны 33км зам барих тендерийг 12 дугаар сард зарлана. Нарантуул, Хархорин, Да хүрээ, Дэнжийн мянгын худалдааны төвийг энэхүү хурдны зам дагуу гарах газрыг шийдэж, хөнгөлөлттэй зээл олгох талаар ярилцаж байгаа"-г мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!