Норвеги улс дөрвөн тэрбум кроноор ($363 сая) агаарын довтолгооноос хамгаалах пуужингууд худалдаж авахаар АНУ-ын эрх баригчидтай тохиролцсоноо өчигдөр зарлажээ.
Хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд АНУ-ын RTX корпорацын бүтээгдэхүүн болох AIM-120C-8 Advanced Medium-Range Air-to-Air Missile (AMRAAM) пуужингууд багтсан тухай Норвегийн зэвсэгт хүчин мэдээлсэн байна.
“Шинэ үеийн олон пуужинтай болсноор манай зэвсэгт хүчин агаарын довтолгооноос Норвеги улсыг хамгаалах илүү сайн чадавхтай болох юм” гэж тус улсын батлан хамгаалахын сайд Бёрн Арилд Грам мэдэгджээ.
НАТО-гийн гишүүн, ОХУ-тай хил залгадаг Норвеги улс 2022 онд Украиныг эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш өөрийн батлан хамгаалах хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа.
Шинээр авах пуужингууд нь Норвегийн хуурай газарт суурилсан агаарын довтолгооноос хамгаалах системд голлон ашиглагдахаас гадна F-35A сөнөөгч онгоцнуудынх нь нэг зэвсэг болох юм байна.
Энэ наймаа нь Норвегийн зэвсэгт хүчний түүхэнд нэг удаагийн хамгийн том дүнтэй худалдан авалт болжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!