Уншиж байна ...

Аттилла Виднянский: Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ

ikon.mn
21 минутын өмнө
IKON.MN
зураг
 

Унгар улсын Бупадешт хотын Үндэсний театрын захирал Аттилла Виднянский тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад зочилж, Улсын Драмын Эрдмийн Театрын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийг үзэж мэргэжлийн дүгнэлт хийжээ. 

Аттилла Виднянский нь 90 гаруй жүжиг болон 10 гаруй бүрэн хэмжээний кино найруулсан, Европ тивд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй театрын зүтгэлтэн юм. Түүний санаачилсан Мадачийн Олон Улсын Театрын Уулзалт (MITEM)-ийн фестивалийн энэ жилийн онцлох жүжгээр “Тэнгэрийн хүү” жүжиг сонгогдсон билээ.

Нобелийн шагналт зохиолч Жон Фоссе зэрэг өдгөө цагийн дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлогч, улс үндэстнийхээ тэргүүлэгч театруудын бүтээлийг толилуулж, өргөн хэмжээний хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулдаг “MITEM” фестивальд “Тэнгэрийн хүү” жүжгийг сонгосон шалтгаанаа найруулагч Аттилла Виднянский ийнхүү тайлбарласан байна. 

Тэрбээр “Монгол Улсын Драмын Эрдмийн театр өөрийн өвөг дээдсийн түүхэн дээр тулгуурлаж ийм түүхэн жүжиг хийж буй нь гайхамшигтай. Энэ бол үндэсний театрын хийх ёстой гол ажил, үндэстнийхээ өмнө хүлээж буй үүрэг нь юм. Монгол бол өөрийн гэсэн баялаг түүх, үндэсний бахархал, ондоошилтой ард түмэн. Монголын залуу үзэгчдийн дунд сууж, тэдний хүлээн авч буй байдал болон уран бүтээлчдийн гүйцэтгэлийг анзааран хараад би энэ театр үндэстнийхээ түүх, ондоошлыг хойч үедээ ойлгуулах, өвлүүлэх ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж чадаж байна гэж дүгнэлээ.

Европын театр янз бүрийн изм, урсгалд автаад яг театр хэмээх органик чанараа алдаж байгаа талаар бүгд л ярьдаг. Гэтэл Монголын театр органик байна, үнэн байна. Ямар нэг хэлбэрдлийн өнцгөөс асуудалд хандалгүй, жүжигчид тайзан дээр зөвхөн үнэнийг тоглож, дүрд амьдрахыг хичээж буй нь надад өндөр сэтгэгдэл үлдээлээ. Товчхондоо Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ" гэжээ. 

“Тэнгэрийн хүү” жүжиг ирэх оны дөрөвдүгээр сард Европын хамгийн эртний театруудын нэг Унгарын Үндэсний театрын тайзнаа тоглогдохоор бэлтгэл ажилдаа ороод байна.