Уншиж байна ...
Зураг
Зураг

"Орон сууцны м.кв-аас хамаарч ипотекийн зээлийн хүүг өөрчлөх зэрэг арга хэмжээ авснаар эх үүсвэрийг 35% нэмэгдүүлэх боломжтой"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Монголын орон сууцны ирээдүй 2024" олон улсын форум өнөөдөр болж байна.

Энэхүү форумыг нээж Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан менежер Таехюн Ли үг хэлэхдээ "Орон сууц бол зөвхөн барилга биш юм. Бидний оршин байгаа орчин, хамтдаа аж төрөх загвар нь орон сууцны асуудалд тулгуурладаг. Бидний сайн сайхан үүнээс хамаардаг, улсын орны сайн сайхан үүнээс хамаардаг тул орон сууц, орон сууцны тогтолцоо нь тэгш хүртээмжтэй, тогтвортой байдалд суурилсан байх нь чухал.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ нь Монгол Улсын иргэдийн сайн сайхан байдалтай шууд холбоотой. Зөв оновчтой тогтолцоотой байвал хаана оршин байгаагаасаа үл хамааран үр шимийг хүртэх учиртай. Ирээдүй үүнээс ихээхэн хамаарч байна"  гэдгийг онцолж байв.

Үргэлжлүүлэн Монгол Улсад хэрэгжиж буй орон сууцжуулалтын хөтөлбөрийн талаар Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам(ХББОСЯ)-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд танилцуулсан юм.

Тэрбээр "Монгол Улсад 983,000 гаруй өрх бий. Үүний 46 хувь нь Улаанбаатар хотод аж төрж байгаа юм. Нийт хүн амын 32 хувь нь нийтийн зориулалттай орон сууцанд амьдардаг бол 38 хувь нь хашаа байшинд, 29 хувь нь гэр сууцанд амьдарч байна. Гэр сууц болон хашаа байшинд амьдарч буй иргэдийг орон сууцжуулахад бид анхаарч ажиллаж, бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. 

Өрхүүдийн орлого ямар байгааг судалж үзэхэд монгол гэрт амьдарч буй өрхүүдийн 56 хувь нь дундаж болон дунджаас доогуур орлоготой. Байшин сууцанд амьдардаг өрхүүдийн 54 хувь нь дундаж болон дунджаас доогуур орлоготой байна. Өрхүүдийн орлогоос хамаарч орон сууцжуулах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.

2007 оноос эхлэн 40,000 болон 100,000 айлын орон сууц хөтөлбөрийг төрөөс хэрэгжүүлсэн. Мөн 2015 оноос түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэн дунд болон дундаас доогуур орлоготой иргэдийг хамрууллаа.

Ипотекийн хөтөлбөр нь 2010 онд 4,000 айлын орон сууц нэртэйгээр анхны 8 хувийн хүүтэй зээл олгосноор эхэлсэн байдаг. Маш амжилттай хэрэгжиж, нийслэл болон аймгуудын хэмжээнд нийт 4,600 төрийн албан хаагчийг орон сууцтай болгосон. Иймд энэ хөтөлбөртөө үндэслэн 2013 оноос ипотекийн зээлийн 8 болон одоо хэрэгжиж буй 6 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа юм. Энэ хүрээнд 118,000 гаруй өрхийг орон сууцанд оруулсан. Мөн 2017 оноос газраа орон сууцны урьдчилгаа төлбөрөөр солих боломжийг бүрдүүлснээр 107 айл орон сууцтай болжээ" гэсэн юм. 

Түүнчлэн 2020 оноос хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийгээд эрсдэл багатай хөтөлбөр гэж үзэн хүүг 6 хувь болгон бууруулаад буй юм. Үүний зэрэгцээ 2023 оноос эхлэн Хөдөөгийн сэргэлтийг дэмжих хүрээнд орон нутагт зээл авахыг иргэдэд эхний гурван жилд хүүг 3 хувь, урьдчилгааг 12 хувь хүртэл бууруулах боломжийг бүрдүүлжээ. 

Орлоготой багатай өрхөд чиглэсэн хөтөлбөр байсан нь түрээсийн орон сууц бөгөөд уг хөтөлбөрөөр улсын хэмжээнд 3,054 айлыг хамруулсан тоо байна. Хэдийгээр эрэлт өндөртэй байсан ч 2015-2016 онд хэрэгжээд дахин санхүүжилт олгоогүй байгааг албаны хүн тодотгож байв. 

Ипотекийн зээл авсан иргэдийн бараг 50 хувь нь нийслэлд орон сууцанд амьдардаг иргэд

Ипотекийн зээлийн хөтөлбөрөөр орон сууц авсан 118,000 өрхийн 

  • 10 орчим хувь нь орон сууцтай иргэн дахиж орон сууц авахдаа хамрагдсан
  • 49.6 хувь хотод орон сууцанд амьдардаг иргэн дахин орон сууц авсан байна гэдгийг ХББОСЯ-ны хэлтсийн дарга Э.Батболд тодотгосон.

Тэрбээр "Дүгнэж үзвэл нийт хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр болон гуравдагч орон сууцаа авсан иргэд байна. Мөн ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой орон сууцны үнэ өсөж байгаа. Гэвч иргэдийн орлого нь энэхүү орон сууцны үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал болж байна" гэлээ. 

Ипотекийн зээл барилгын салбарт ямар өгөөжтэй вэ?

Манай улсад 2003-2009 онд жилд дунджаар 4,000-6,000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос эхлээд энэ тоо эрс нэмэгдэж, оргил үедээ буюу 2014, 2015 онд жилд 23,000 гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ.

Цаашид ипотекийн зээл нь урт хугацаанд тогтвортой үргэлжлэх шаардлагатай аж. 

График, ашиглалтад орсон орон сууцны тоо, 2003-2023 он

330 сумын 117 нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй байна

Орон сууцжуулалтын хөтөлбөрт тулгамдаж буй асуудлыг албаны хүн дараах байдлаар тодорхойлов.

Үүнд

  • Гэр орон байшин сууцанд амьдарч буй иргэдийн талаас илүү нь дундаж болон дунджаас доогуур орлоготой.
  • Аймаг, орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах асуудал эрчимтэй явахгүй байна. 330 сумын 117 нь ерөнхий төлөвлөгөөгүй. Ерөнхий төлөвлөгөөгүй суманд цаашид орон сууцны хотхон хороолол, амины орон сууц төлөвлөхөд хүндрэл үүснэ. 
  • 2016 онд түрээсийн орон сууцны хөтөлбөр зогссоноос бага орлоготой иргэдэд чиглэсэн бодлого алга болсон. 
  • Түүнчлэн зах зээлд хэдий хэмжээний эрэлт үүсэв, хэр хэмжээний нийлүүлэлт шаардлагатайг тооцох тогтолцоо дутагдалтай байна. 
  • Хүсэлт маш их байдаг нь нөгөө талдаа үнэ өсгөдөг зэрэг байна. 

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Үндэсний баялгийн сан буюу байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулах
  • Өрхийн орлогын олон түвшинд нийцсэн ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Үндэсний орон сууцны корпорацыг байгуулж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх
  • "Миний түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг түрээсийн орон сууцаар хангах
  • "Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрийг хэрэгжүүлж, амины орон сууцаа эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй болгон сайжруулах, шинээр барихыг нь дэмжих
  • Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдсэн байгальд орчинд ээлтэй орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зэрэг байгаа юм. 

"2024-2028 онд дундаж орлоготой болон анх удаа орон сууц авч буй иргэдээ тэргүүн ээлжид хамруулна"

ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд "Орон сууцны хөтөлбөрийг өрхийн орлоготой нийцсэн байдлаар гаргана. Ипотекийн зээл авч буй иргэдийн дийлэнх нь дунджаас дээш орлоготой өрхүүд. Иймд орлогын хязгаарлалтыг оруулж өгч, дундаж орлоготой болон анх удаа орон сууц авч буй иргэдээ тэргүүн ээлжид хамруулах бодлого баримтална.

Мөн талбайн хэмжээгээ томруулах тусам зээлийн хүүг нэмэгддэг байх, тухайлбал 60 м.кв дотор авбал хүү нь 6 хувь, 80 м.кв гэвэл хүүгийн хэмжээг нэмэгддэг байх зохицуулалтыг тусгах шаардлага бий. Үүний дээр татварын бодлогыг анхаарч, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгцээ бий. Шаардлагатай алхмуудаа хийвэл ипотекийн зээлийн эх үүсвэрийг 35 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж байна" гэлээ. 

Энэхүү олон улсын форумыг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Дэлхийн Банк хамтран "Шангри Ла" зочид буудалд зохион байгуулж байна.