Алтанбулагийн боомтоор энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан iPhone загварын 15 ширхэг гар утсыг хураан авчээ.
Уг хэрэгт Улаанбаатар Улан-Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto Velfire загварын автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор гурван хохирогчийг тогтоож мэдүүлэг авчээ. Одоогийн байдлаар Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан iPhone 14 Promax, "Play Time" хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоогоод байна.
Та бүхэн олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!