Уншиж байна ...

PUBGM: IHC Esports баг энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох эрх авчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

PUBG MOBILE тоглоомын Төв болон Өмнөд Ази бүсийн 2024 оны намрын улирлын супер лиг (PMSL CSA) тэмцээн Непал улсад өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан. 

Манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC Esports, Stalwart Esports, Stronger Esports гэсэн таван баг оролцсон юм. Тус тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан баг PUBG Mobile Global Championship 2024 (PMGC) буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авах байсан.

Улмаар манай улсын 4Merical Vibes, Falcons Force, Stalwart Esport баг эхний гурван байрт шалгарч ирэх сард Малайз улсыг зорих болсон.

Гэвч өнгөрсөн жилийн дэлхийн аварга болох IHC Esports багийн хувьд PMSL CSA тэмцээнийг 13 дугаар байраар өндөрлүүлж, дэлхийн аваргад оролцох эрхээ авч чадаагүй.

Тэгвэл IHC Esports баг PUBG MOBILE тоглоомын энэ жилийн дэлхийн аваргад урилгаар оролцох болсон тухайгаа өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа зарлалаа. Мөн цахим спортын "iquipedia.net" дээр манай улсын багийг дэлхийн аваргад оролцох тухай мэдээлэл байршжээ.

Ингэснээр энэ жилийн дэлхийн аваргын хэсгийн шатанд манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC Esports, Stalwart Esports гэсэн дөрвөн баг оролцохоор болж байна.

PUBG Mobile Global Championship 2024 тэмцээний 48 багийн лигийн шатны тоглолтууд энэ сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 24-н хүртэл Малайз улсад зохион байгуулагдана. Харин эцсийн шатанд шалгарсан 16 баг арванхоёрдугаар сарын 6-8-ны хооронд Английн Лондон хотод тоглох хуваарь гарчээ.