Уншиж байна ...

Умард Солонгос цэргүүдээ Оросын армид илгээж эхэлснийг Украины ерөнхийлөгч Зеленский мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Европын орнуудаар айлчилсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн ээлжит мэдэгдэлдээ Умард Солонгос цэргүүдээ Оросын армид илгээж эхэлсэн талаар ярьжээ.

“Орос болон Умард Солонгосын дэглэмийн хоорондын хэлхээ холбоо улам бүр нэмэгдэж байгааг бид харж байна. Энэ хэлхээ холбоо зөвхөн зэвсэг нийлүүлэх тухай ойлголт биш болсон. Энэ нь Умард Солонгос хүн хүчээ эзлэн түрэмгийлэгчийн армид илгээх хэмжээнд хүрсэн” гэж тэр хэлсэн байна.

Зеленский цааш нь ярихдаа “Мэдээж ийм нөхцөлд бид түншүүдтэйгээ харилцаагаа өргөжүүлэх ёстой. Фронтын шугамд илүү их дэмжлэг хэрэгтэй байна. Украины армийн алсын тусгалын зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хангамж нийлүүлэлтэд илүү шийдэмгий арга хэмжээ авах нь зөвхөн зэр зэвсгийн жагсаалтын асуудал биш болж байна. Энэ бол Оросын талд тэсвэрлэх хэмжээнээс нь илүү их дарамт шахалт үзүүлэх, илүү том дайн гарахаас урьдчилан сэргийлэх явдал юм” гэжээ.

Оросын армид туслах зорилгоор Умард Солонгос цэргийн хүчээ Украины дайнд илгээх өндөр магадлалтай байгааг Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ким Ён Хюн саяхан мэдэгдсэн юм.

Энэ сарын эхээр Украины агаарын цохилтод Умард Солонгосын офицерууд амь үрэгдсэн тухай мэдээ цацагдаж байв. Ким Ён Хюн парламентын сонсголд оролцохдоо дээрх мэдээ үнэн байх өндөр магадлалтайг хэлсэн юм.

Пүрэв гарагт сэтгүүлчид Умард Солонгос цэргээ Украины фронтод илгээх болсон гэдэг мэдээлэл үнэн эсэхийг асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Үүнийг ээлжит нэгэн худал мэдээлэл гэж харж байна” гэж хариулжээ.

Зеленский өнгөрсөн долоо хоногт Берлин, Лондон, Парис, Ром хотуудаар айлчлахдаа зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг холбоотнуудаасаа хүссэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар холбоотнуудтайгаа хэлэлцэхээр Германд айлчлах байсан ч Милтон далайн хар салхины улмаас айлчлалаа хойшлуулсан юм.

Уг уулзалтад Украины холбоотон 50 гаруй улсын төрийн тэргүүнүүд оролцох төлөвтэй байгаа.

Германы эрх баригчид уулзалт энэ долоо хоногийн Баасан гарагт болох шинэ товыг зарлажээ.

Сүүлийн саруудад Оросын арми Донецк мужийн Покровск хотын чиглэлд давшсаар байгаа. Ням гарагийн өглөө ОХУ-ын батлан хамгаалах яам Покровскийн ойролцоох нэг тосгоныг эзэлснээ зарласан байна.

Дайны өмнө 60,000 орчим оршин суугчтай байсан уул уурхайн хот Покровскийг эзэлбэл Оросын армид Донецкийн үлдсэн бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулах боломж нэмэгдэх юм.

 

Эх сурвалж: AFP