Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улс орнуудын хөгжил цэцэглэлтийн ялгааг судалсан эрдэмтэд эдийн засгийн Нобелийн шагнал хүртэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагийн орой энэ оны эдийн засгийн Нобелийн шагналыг хүртэх эрхмүүдийн нэрсийг зарлалаа.

Уг нэр хүндтэй шагналыг Турк гаралтай АНУ-ын эрдэмтэн Дарон Ажемоглу, АНУ-Их Британийн эрдэмтэн Саймон Жонсон, Жэймс Робинсон нар улс үндэстнүүдийн хөгжил цэцэглэлтийн ялгааг судалсан ажлаараа хүртэхээр болжээ.

Гурван эрдэмтэн “улс орны хөгжил цэцэглэлтэд нийгмийн институциудын гүйцэтгэх үүрэг чухал болохыг харуулсан” гэж Шведийн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн шагналын хорооноос мэдэгдсэн байна.

“Хуулийн засаглал муутай, хүн амаа мөлждөг нийгмийн институциуд улс оронд өсөлт хөгжил, сайн сайхан өөрчлөлтийг бий болгодоггүй. Шагнал хүртэгсдийн судалгааны ажил үүний учрыг ойлгоход тусалсан юм” гэж уг мэдэгдэлд тайлбарлажээ.

Эдийн засгийн шагналын хорооны дарга Якоб Свенссон “Баян хоосны ялгаа яагаад арилахгүй байсаар байгааг тайлбарлахад энэ гурван эрдэмтэн тусалсан юм. Тэд дэлхийн дахины тэгш бус байдлын талаарх бидний ойлголтыг мэдэгдэхүйц ахиулсан онол болон практикийн шинэ хандлагуудыг анхлан эхлүүлж байлаа” гэж дүгнэсэн байна.

57 настай Ажемоглу, 61 настай Жонсон нар одоо Массачусетсийн Технологийн Их сургуульд, 64 настай Робинсон нь Чикагогийн Их сургуульд ажилладаг юм.

“Бидний хийсэн ажил ерөнхийдөө ардчиллыг дэмждэг. Ардчилсан бус дэглэмээс ардчилсан засаглалд шилжсэн улс орнууд ардчилсан бус дэглэмд байгаа орнуудтай харьцуулахад 8-9 жилийн дотор хурдтай хөгждөг. Гэхдээ ардчилал бол амархан олдох зүйл биш. Ардчиллыг тогтоох нь маш хэцүү” гэж шагнал авснаа сонссоны дараа Ажемоглу хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд ярьжээ.

Өнгөрсөн оны эдийн засгийн Нобелийн шагналыг хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар судалсан АНУ-ын эдийн засагч Клаудиа Голдин хүртэж байв.

Эдийн засгийн шагнал нь 1896 онд нас барсан Алфред Нобелийн санаачилсан анхны таван салбарын шагналын нэг биш юм. Эдийн засгийн Нобелийн шагналыг 1968 онд Шведийн төв банк санаачилж, өөрөөсөө санхүүжүүлж байжээ.

Уг шагналын эздийг зарласнаар энэ оны Нобелийн шагналтнууд тодорч дуусаж байна.

Шагналын алтан медаль, $1 саяыг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Стокхольм, Осло хотуудад зохион байгуулагдах ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм.

 

Эх сурвалж: Reuters