Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганибал: Энэ удаагийн сонгуульд Ардчилсан Нам маш амжилттай оролцлоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн Н.Ганибал “Энэ удаагийн сонгуульд Ардчилсан Нам маш амжилттай оролцлоо.

21 аймгаас 8-д нь ялаад байгаа. 3 аймагт маргаантай байна. Нийслэлд нэг дүүрэгт ялсан. Мөн нэг дүүрэгт нэг саналын зөрүүтэй ялагдсан. Ерөнхийдөө нийслэлд ялагдал хүлээлээ.

Аймгууд дээр сонгуулийн хорооноос түрүүлээд бусад намынхан мэдээлэл өгөөд төөрөгдөл үүсгээд байгаа. Бидний хувьд гурван аймаг дээр гар тооллого явуулж, маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүлээж байна.

Олон намаас олон нэр дэвшигч өрсөлдсөнөөс нийслэлд ялагдлаа. Зөвхөн Багануур дүүрэгт АН бусад намуудтай нэгдсэн. Харамсалтай нь 12:13 гэсэн харьцаатайгаар ялагдлаа. Тэгэхээр ер нь цаашид нийслэлд ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж сонгуульд оролцвол МАН-ыг ялж болохоор юм байна.

Нийт 330 сумаас АН одоогийн байдлаар 150 суманд ялалт байгуулаад байна. Энэ удаагийн сонгуульд ажиглагдаж байгаа нэг зүйл нь маш цөөхөн саналын тоогоор ялагдаж байна. Жишээ нь дөрвөн аймагт нэгийн зөрүүтэй саналаар ялагдсан. Энэ нь монголын ард түмний тэн хагас нь АН-ыг дэмжиж байгааг харуулж байна.

Намын дүрмээр орон нутгийн сонгуульд тухайн дунд шатны байгууллагууд хариуцлага хүлээдэг. Эцсийн дүн гарсны дараа тодорхой асуудал яригдана” гэв.

-Ерөнхий дүнгээрээ АН нийслэлд, орон нутагт ялж чадаагүй. Гэтэл та яагаад АН энэ удаагийн сонгуульд амжилттай оролцлоо гэж хэлж байгаа юм бэ?

-2020 оны орон нутгийн сонгуульд гаргасан амжилт маань давсан учраас тодорхой хэмжээний амжилт байна гэж хэлж байгаа юм.

Ер нь аймгууд маань маш цөөхөн буюу 20-70 хүний саналаар ялагдсан.

Нийслэлд ирц маш муу, олон нам оролцож санал хуваагдсан. Тиймээс ардчиллыг дэмждэг намууд нэгдэж нийлж сонгуульд оролцвол ялалт байгуулах боломж харагдаж байгаа юм.